Женнифер Лауренс: Би сэтгэл ханамж, хүсч буй мэдрэмжээ киноноос авдаг юм

Женнифер Лауренс. “Hunger games”-ынод тэрбээр Оскарын шагналын эзэн болсон. Гэхдээ энэ нэр хүндийг түүнд “Silver linings playbook”кино авч ирсэн. Өдгөө дөнгөж 22-хон настай ч кино шүүмжлэгчдийн хайртай “бай” болж чадсан түүнийг “Time” сэтгүүл Дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэг гэж зарласан юм.

Женнифер саяхан алдарт “Interview magazine”-д домог болсон жүжигчин, найруулагч Жоди Фостертой ярилцсаныг орчуулан хүргэж байна.

-Би чамтай адил 22 настайдаа анх “Interview magazine”-д ярилцлага өгч билээ. Надтай профессор Настассца Кински ярилцсан. Тэгэхэд би аюултай их сандарч, эхэндээ юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байсан. Харин өнөөгийн залуус арай чөлөөтэй болсон шиг санагддаг?

-Яг одоо надад нүцгэн байгаа юм шиг санагдаад байна. Би илүү чөлөөтэй ярих ёстой байх. Гэхдээ камерийн өмнө ярихаас арай дээр юм аа. Дүр бүтээх, ярилцлага өгөх хоёр маш өөр.

-Зөв хэллээ.

-“Cosmopolitan” надаас ярилцлага авсан. Энэ миний мөрөөдөл байсан юм. Одоо өдөрт хэчнээн ийм санал ирж байгааг тоолохоо ч байлаа. Гэхдээ л нэр алдар гэдэг сэтгэл ханамж биш. Харамсалтай нь ярилцлага өгөх гэдэг бусдад зориулсан ажил учраас би илүү сайн байх ёстой болоод байна.

-Яаж?

-Саяхан нэг бүсгүйн ярилцлагыг зурагтаар үзлээ. Тэр нэвтрүүлгийн турш бохь зажилсан. Хэдийгээр энэ нь зүй бус үйлдэл хэдий ч үүнийг би ойлгож байна. Яагаад гэвэл тэр бохь зажилж байгаа гэдгээ ор тс мартаад зөвхөн сайн ярихыг л хичээсэн. Бас нэг охин толгой дээрээ нарны шилээ тавиад ярилцлагын турш ингэж суусан. Дээрх хоёр тохиолдлыг зарим хүн ойлгох хэдий ч олон нийт үүнийг үл хүндэтгэсэн явдал гэж хүлээж авна. Тэгэхээр хүн өчүүхэн үйлдлээрээ ч бусдыг үл хүндэтгэж болохгүй. Эрх чөлөө миний толгойд л байх ёстой.

-Ойрын үед өөр бүтээлд дүр бүтээх үү?

-Дүр бүтээхээс илүү кино хийх сонирхол төрөх болсон. Одоогоор Элизабет Шүе, Макс Диериот нартай хамтран “Гудамжны эцсийн байшин” гэдэг кино хийж байна. Нэг нууц хэлэхэд би ажлаа хэдийнэ эхэлсэн ч өнөөдрийг хүртэл яг юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй байх юм. Гэхдээ хэрвээ бүх зүйл надаас шалтгаалж байвал ийм байдалтай байх эрхтэй гэж үү.

-Дүрдээ орох талаар хүмүүс надаас их асуудаг. Би харин бусдаас асууж байгаагүй юм байна. Чи надад хариулж туслаач?

-Тухайлбал “The burning plain”-д бүх зүйл бараан байсан л даа. Би өөрөөсөө тэс өөр хэн нэгнийг олонд танилцуулах ёстой болсон. Бүхнийг нээж, илрүүлж, өөрийгөө гээх шаардлага гарсан. Надад мэдээж хэцүү байсан. Дунд сургуулийн жүжгийн гол дүр биш учраас өөрийгөө эвдэж, би гэдэг багаа тайлах амаргүй. Бас “Winter’s bone” надад түр зуур өөрийгөө үгүй хийх боломж олгосон.

-“Би мэдэхгүй” гэдэг үг чиний имиж болчихсон юм биш үү. Энтони Хопкинс бол хамгийн том “Би мэдэхгүй”. Мэдэхгүй явж байгаад л гайхамшиг хэрхэн бүтээхийг хамгийн сайн мэддэг.

-Мэдэхгүй юм даа. Энтони Хопкинс бол түүх биш домог. Тэгэхээр түүний “Би мэдэхгүй”-гийн цаана юу байдгийг олж хармаар байна. Миний хувьд одоохондоо жинхнээсээ мэдэхгүй байгаа юм. Бурхан надад нэг л өдөр үүнийг хэлж өгч туслах байх.

-Яаж ч байсан энэ бидний амьдрал. Зугтаах аргагүй гэдэгтэй эвлэрч байгаа биз дээ?

-Үгүй шүү. Энэ бол миний ажил. Би гэртээ зүгээр л нэг Женифер. Цэл залуу, оргилуун дэврүүн, гүнж болох мөрөөдлөө орхиогүй охин. Дүр бүтээхийн хувьд түүнийг хувийн амьдралдаа хамаагүй оролцуулмааргүй байна.

-Зөв шүү. Бүгд л өөрсдийн сэтгэл ханамжаар амьдрах хэрэгтэй. Тийм биз?

-Тэгэлгүй яах вэ. Яг одоогийн байдлаар та намайг ховсдоод байгаа нь мэдрэгдэж байна. Гэхдээ надад тун таатай санагдах юм. Заримдаа дэлхий ертөнцийг арай бодит бусаар мэдэрч, хийсвэр зүйлд автах юмсан гэж бодогддог. Гэвч үүнийг мансуурах гэж ойлгож байгаа хүмүүс байвал эртхэн энэ санаагаа хураа гэж хэлье.

-Чи хуучинсаг юм аа?

-Би ер нь хуучны юм бүхэнд дурладаг гэмтэй. Яг үнэндээ бодит амьдрал намайг ирээдүй рүү хэт хурдтай түлхээд байгаа учраас л би сэтгэл ханамж, хүсч буй мэдрэмжээ киноноос авдаг юм.

-Ярилцсанд баярлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ