В.Путин: Би тэнд очно

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Европын холбооны дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийхдээ, Нормандад холбоотнуудын цэрэг буусны 70 жилийн ойгоор зургадугаар сарын 6-нд тэнд болох ёслолын үеэр хоёр талын уулзалт хийе гэсэн саналыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд тавьжээ.

“Би Оросын ерөнхийлөгчийг зургадугаар сарын 06-нд ирэхийг урьсан, тухайлбал Украины байдлын талаар зөвлөлдөх бодолтой байна” гэж Олланд хэлжээ.

Нормандад очих үеэрээ гадаадын удирдагчидтай уулзахад бэлэн байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч тавдугаар сарын 24-нд мэдэгдсэн юм.

“Би тэнд очно” гэж Путин Санкт-Петербург хотод гадаадын тэргүүлэх мэдээллийн агентлагуудын тэргүүн нартай уулзах үеэрээ товчхон мэдэгдсэн юм.

Европт хоёрдугаар фронт нээсний ойд зориулан зургаадугаар сарын 5, 6-нд хийхээр товлосон арга хэмжээний хүрээнд төр, засгийн тэргүүн нар Кольвиль-сер-Мер хот дахь Америкийн цэргийн оршуулгын газраар орох ажээ. Нормандын эрэгт орших Уистеам хотод энэ үйл явдлын дурсгалд зориулсан олон улсын ёслолын арга хэмжээ болох юм.

1944 оны зуны туршид Францад болсон Нормандын ажиллагаа нь түүхэн дэх десантын томоохон ажиллагаа юм. Энэ ажиллагаанд оролцсон ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Путин, Обамагаас гадна, Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета, Германы канцлер Ангела Меркель нар оролцох ажээ. Зургаадугаар сарын 6-нд болох арга хэмжээнд оролцох эсэхээ бусад улсын төр, засгийн тэргүүн нар одоогоор нотлоогүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ