О.Баасанхүү: Надад мөнгө, сүлжээ, эрх мэдэл алга

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан нь олны анхаарлын төвд байгаа юм.
-Таны санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулган дээр нэлээд маргаан дэгдээсэн. Энэ хуулийн төсөл дэмжигдэхгүй бол АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат ийм хуулийн төсөл санаачлан өргөн барина гэсэн мэдээлэл хүртэл байна?
-Баасанхүү санаачилна уу, Эрдэнэбат санаачилна уу гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь энэ хуулийг өөрчилж болохгүй, миний өмч, энэ хуулиа би хамгаалж байгаа гэж яриад байгаа Л.Эрдэнэчимэг гишүүнийг үнэхээр гайхаж байна. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Үг хэлэх эрхтэй. Гэхдээ юм бүхэн зарчимтай байх ёстой. Хамгийн гол нь хуулийн дагуу байх ёстой. Аливаа юм төгс байдаггүй.
-Хуулийг сайжруулахын тулд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Таны өргөн барьсан төслийг дэмжээд батлах юм бол энэ хуулийн гол зохицуулалтууд суларна гэсэн шүүмжлэл байна?
-Тамхины хяналтын тухай хуулийг харахад зарчмын гурван шинэчлэлийг хийх ёстой. Нэгдүгээрт, тамхины хяналт гэдэг үг буруу нэр томьёо. Тамхи гэж юу юм. Утаанаас нь бид айгаад байгаа юм уу, эсвэл никотин гэдэг хорноос нь айгаад байгаа юм уу. Л.Эрдэнэчимэг гишүүний орилж хашгираад байгаагаар бол утаанаас л айгаад, айлгаад байгаа. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга л даа. Утаа гэдэг утгаар яривал их өөр асуудал. Би бол энэ тамхийг хор гэж үзэж байгаа. Тэгэхээр Тамхины хяналтын тухай хуулийн нэрийг солих ёстой юм байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Тамхины хяналтын тухай хуулийг Тамхи болон никотины хяналтын тухай хууль гэж өөрчлөх ёстой. Энэ хууль никотин буюу хороос иргэдээ хамгаалах зорилготой байх ёстой юм. Хамгаалах гэдэг гурван янз. Нэгдүгээрт хориглох буюу хянах. Нөгөө талаас хяналтаараа дамжуулаад сургалт сурталчилгаа хийх, гуравдугаарт цаашдын үр дагаврыг нь байхгүй болгох. Цаашид ийм хор хохирол гаргахгүй байна гэсэн үг. Энэ гурван чиглэл рүү явах ёстой юм. Манай хууль бол болно, болохгүй, болохгүй, болохгүй гэдэг. Тэгээд утаа нь багасангуут хууль сайн хэрэгжлээ, хууль сайжирлаа гэж яриад байдаг. Чи утаа харахгүй байгаа биз дээ гэж хэлэнгүүтээ өөрөө никотин зараад байгаа юм.
-Л.Эрдэнэчимэг гишүүн үү?
-“Монос” групп никотин зарж байна. “Монос групп никотины хордлого өгч байна гэж би хэлэх гээд байгаа юм. Зарж байгаа никотин нь ямар компанид үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, дээрээс нь ямар ашигтай, үр дагавартай нь судалгаагүй байна гэж би үзэж байгаа. Тийм учраас Тамхи болон никотины хяналтын тухай хууль гэж нэрлээд хүн ямар нэгэн никотины хордлого авч болохгүй гэдэг агуулгатай хуулийг л оруулж ирэх ёстой гэж би хэлээд байгаа. Харамсалтай нь хуулийг Пи Ар гээд ойлгочихсон, энэ хуулийг өөрийнхөө хууль гээд ойлгож, өмчилчихсөн байгаа тохиолдолд өөрчлөхөд маш төвөгтэй байна л даа. Яагаад гэвэл надад мөнгө алга. Сүлжээ алга. Эрх мэдэл алга. Жишээ нь, би АН-ын гишүүн, дээрээс нь эмийн сангийн сүлжээтэй, эсвэл хэвлэл мэдээллээр зар сурталчилгааны гэрээтэй байсан бол энэ хуулийг ингэж л сурталчилмаар байна.
-Тамхины гол хор нь никотин гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүнээс өөрөөр никотины хэрэглээ манайд тийм их байдаг юм уу?
-Никотины хэрэглээ маш их байгаа. “Кока кола”, “Энержи дринк” зэрэг ундаанд никотин агуулагддаг. Эмийн сангуудаар зарж байгаа никотины наалт гэж байна. Хүн ямар ч хяналтгүйгээр никотинд хордож байна гэдэг асар аюултай.
-Никотины хэрэглээг эрүүл мэндийн салбарын хуулиар, тухайлбал эмийн тухай хуулиар хязгаарласан зохицуулалт байдаг уу?
-Байхгүй. Ямар нэг хуулиар зохицуулаагүй.
-Таны санаачилсан төсөл Тамхины хяналтын тухай хуулийг дордуулахгүй, харин улам сайжруулна гэдгийг та нотолж чадах уу?
-Би хуулийн төсөлдөө дөрвөн заалт оруулсан. Нэгдүгээрт, Монгол Улс өнөөдөр хоёр аргаар мөнгө олдог. Нэг арга нь татвар, нөгөө арга нь өр тавих өөрөөр хэлбэл зээл. Гурав дахь арга буюу хөрөнгө оруулалт гэж байгаа. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын хувьд гурав дахь аргыг дэмий гэж үзээд бусдаас зээл авах аргыг сонгоё гэдэг хандлага нь их байна. Дэлхийн жишигт татвар гэдэг маш чухал. Надад татварын талаар нэг бодол байдаг. Ямар бодлого вэ гэхээр 100 хувь татвар байлаа гэхэд түүний 90 хувийг оруулж байгаа салбар байж болно, 10хувийг нь бүрдүүлж байгаа салбар байж болно. Тэр 10 хувь дотроо хоёр хувийг нь оруулж байгаа салбар байж болно. Гэтэл нийт татварын 90 хувийг оруулж байгаа салбар цөөхөн хүнтэй боловч их мөнгө олдог. 10 хувийг оруулж байгаа салбар бас тодорхой бүлэглэл мөртлөө цөөн хүнтэй байдаг. Харин хоёр хувийг нь бүрдүүлдэг хэсэг тоогоороо олон гэхдээ оруулж байгаа орлого нь тийм бага байж болзошгүй байгаа юм. Үүний нэг илрэл нь жижиг дунд үйлдвэрлэл. Мөн худалдаа гэх мэт байж болно. Тэгэхээр би хувьдаа юу гэж үзээд байгаа юм гэвэл татварын хоёр хувийг оруулж байгаа тэр хүмүүс нөгөө 98 хувийг оруулдаг хүмүүсээсээ хэд дахин олон байгаа. Тэгэхээр татварын бодлого тооны араас хөөцөлдөөд энэ аж ахуйн нэгж татвар өгөхгүй байна, тэр аж ахуйн нэгж татвар өгөхгүй байна, энэ компаниас татвар авна гэдэг бодлогоор явахаар яг жинхэнэ татвар хураалт буюу мөнгөө олж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Долоон буудлын Должин авгай өглөө сүүгээ зарчихаад татвараа өгөхгүй байна гэж хөөцөлдөж явах хайран цаг, хайран зардал. Түүний оронд алт, зэс, нүүрс, байгалийн баялгийг олборлоод татвараа нууж байгаа иргэдийг олох юм бол тэр зардалтай харьцуулахад 99 хувь илүүг олно. Хулгайгаар асар их орлого олж байна уу, түүнийгээ нууж байна уу гэх мэтийг нь хянах хэрэгтэй. Тэгэхээр би ямар байр суурьтай байгаа юм гэхээр гурван татварыг 100 хувь зөвшөөрье гэж байгаа. Нэгдүгээрт, байгалийн баялаг буюу ашигт малтмалын татвар. Хоёрдугаарт, онцгой татвар. Гуравдугаар тодорхой худалдааны татварууд, худалдаа эргэлтийн татвар. Эдгээрээс бусад татварыг тэглэчихье гэж үзээд байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэл байна уу, сүүний үйлдвэрлэл байна уу, юу ч байсан хамаагүй тэглэе. Хэрвээ ингэж чадах юм бол нэг талаасаа татварын бааз буюу татвар төлөгчдийн тоо багасна. Сангийн сайд маш буруу юм ярьсан. Тэр нь юу вэ гэхээр татварын баазаа нэмэгдүүлэх нь улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй гэж байна лээ. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн тоог нэмэх чухал гээд байгаа юм. Харин би тоондоо биш чанартай татвар төлөлтийг нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байгаа. Татвар төлөгч гэж хэн бэ гэвэл Монгол Улсын Үндсэн хуулиар бүх иргэн гэж ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр татварын нийт орлогын 30 хувийг харахад хөнгөлөлт чөлөөлөлт байгаа. Тийм биз дээ. Эрчим хүч, жижиг дунд үйлдвэр гээд л хөнгөлөх юм. Эрүүл мэндийн салбар гээд л хөнгөлөх юм. Энэ бүхэн нийлээд 30 хувь. Тэгж зовоож байхын оронд эрчим хүчнийхэн татвараа төл, уул уурхайнхан татвараа төл, худалдааны салбарынхан татвараа төл, харин нийт иргэд татвараа битгий төл гээд нэгмөсөн ганцхан хуультай болчихъё гэдэг санаа. Тамхины хяналтын тухай хуулийн талаархи яриандаа эргээд ороход би хоёр жил тутамд орлогын албан татварыг нэмэгдүүлэх байдлаар шинэчлэдэг хуультай байя гэдэг заалт оруулсан юм. Үүнийг дэмжээгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр Л.Эрдэнэчимэг гишүүн татварыг 50 хувиар нэмье ч гэх шиг. Би тэгэхээр нь ямар бага юм бэ, 90 хувиар нэмэхгүй дээ гэсэн. Зүгээр л ингэж шоу хийх ямар хэрэгтэй юм. Ямар ч судалгаа байхгүй, ямар ч шалтгаан байхгүй зүгээр хэн нэгний даалгавар шиг ийм юм явахаар бухимдаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл татварыг нэмье гэсэн хуулийн заалтыг унагаачихаад, нэмж болохгүй гэчихээд одоо эргээд нэмье гээд л явж байна. Тэгэхээр энэ хүний Пи Ар-ын төлөө Монголын төр, Монголын парламент ажиллах нь утгагүй байна.
-Татварыг хоёр жил тутамд нэмнэ гэдгийн гол ач холбогдол юу вэ?
-Хүн ямар нэг бизнес эрхэлж байгаа бол тэр нь тамхи зарна уу, архи зарна уу хамаагүй. Ямар ч байсан хоёр жил дотор тодорхой хэмжээгээр бизнесийн орчноо тодорхойлдог. Тэрнээс биш өнөөдөр та жишээлбэл талхны дэлгүүр нээлээ гэж бодъё. Тэгээд жил болгон татвар нэмээд нэг бол 50 хувь болгоод, эсвэл 30, 40хувь болгоод байвал танд бизнес төлөвлөгөө гэж байхгүй болно. Тийм учраас аливаа юманд төлөвлөгөөтэй, зарчимтай байх хэрэгтэй. Өнөөдөр Монголд томоохон аж ахуйн нэгжүүд хэдэн хувийг эзэлж байгаа юм. 20 мянган татвар төлөгчийн 10 мянга нь биш шүү дээ. 500 нь ч биш, магадгүй тавь нь лбайх. Бусад нь жижиг аж ахуйн нэгжүүд байна. Жижиг ТҮЦ, мухлаг, дэлгүүрийн эзэд байна. Тэднийг бодохгүйгээр хайр найргүй харгислах гэж үзээд байгааг би ойлгохгүй байна.
-Сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор тамхи худалдаалахгүй гэдэг заалтыг өөрчилж 100 метр болгох нь. О.Баасанхүү гишүүн тамхи импортлогчдын лоббид орлоо гэж Л.Эрдэнэчимэг гишүүн оны өмнөөс мэдэгдэж байсан. Та болохоор дээр хэлсэн татварын асуудалтай адил энэ заалт бас л жижиг үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд хүнд тусч байна гэж тайлбарлаад байгаа?
-Зовлонтой л доо. АН-ынхныг би илжиг гэж нэрлэмээр санагдаад байдагюм. АН-ын гишүүд сайн хүмүүс л дээ. Гэхдээ бодлого нь илжигнээс долоон дор байгаад би харамсч байна. Яагаад гэхээр илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэж үг бий. Шалтгаан нь маш энгийн. Хэрвээ шаардлагатай бол УИХ-ын гишүүн хүн өөрөө хуулиа санаачилна биз дээ. Жишээлбэл, Тамхины хяналтын тухай хууль гээд Засгийн газар дээр орж ирснийг Л.Эрдэнэчимэг гэдэг хүн бушуухан өөрөө аваад ажлын хэсгийн ахлагч болонгуутаа энэ хууль миний өмч гээд дайраад байдаг. Түүн шиг тамхи татах тусгай цэг байгуулах тухай хуулийн төсөл гарангуут АН-ын бүлгийн дарга нь шууд “Би тамхи татдаг хүн. Яадаг юм би энийг чинь авъя. Өөрөөндөө тамхи татмааргүй байна. Гудамжинд татмааргүй байна. Ерөөсөө тэр зориулалтын цэгт нь татмаар байна” ч гэх шиг...
-Яг тэгж хэлсэн юм уу?
-Ерөөсөө үнэн шүү дээ. Тэгээд л явж байгаа шүү дээ энэ чинь. Тэгж л харагдаж байна. Тэгэнгүүт нь Л.Эрдэнэчимэг нь “Үгүй, чи тамхи татлаа, татаж байна гэж өөрөө зарласан юм чинь торгуулиа төл” ч гэх шиг. Ерөөсөө сайн анзаарах юм бол маш сайн хошин шогийн зохиол тэнд байж байгаа. Би зүгээр л судалгаанд үндэслэж асуудлаа тавья гэдгийг л хэлж байгаа. Дэлхийн хаана ийм юм байсан юм. Монголд олон улсын онгоцны буудал байгуулъя гэж байна. Хэрвээ олон улсын онгоцны буудал байгуулъя гэж байгаа бол стандарт нь олон улсынх л байх ёстой. Олон улсын онгоцны буудал олон улсын иргэдэд үйлчилнэ. Хэдийгээр Монгол Улсын хууль үйлчлэх ч гэсэн олон улсын эрх зүй тэнд байна гэсэн үг. Гадаадын иргэдэд тааламжтай нөхцөлөөр үйлчилж байгаэ гэдгээрээ Монгол Улсын нэр хүнд өснө. Тэр үйлчлүүлж байгаа хүн АНУ-ын иргэн байна уу, Арабынх байна уу, Европынх байна уу, хамаагүй. Гагцхүү өөрсдөд нь тааламжтай, таатай нөхцөлийг өгснөөрөө л үнэлэгдэнэ. Жишээлбэл Солонгост онгоцны буудал дээр очиход христ шашныхан залбирдаг, лал, буддын шашныхан залбирдаг тусдаа өрөөнүүд байдаг. Асуудал нь юундаа байна гэхээр тэр хүнд тааламжтай нөхцөл л чухал. Түүн шиг тамхи татдаг зориулалтын цэгийг нь байгуулъя л гэж байгаа юм.
-Аливаа албан байгууллага, үйлчилгээний газрын гадна орчинд тамхи татаж болно, тамхи татах цэг ч байгуулж болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Хэн нэгнийг хууль биелүүл гэвэл тэр хүн яаж гэдэг асуулт тавьдаг. Би яаж биелүүлэх юм гэж асууна. Тэгэхээр нь тамхи татахаа боль гэж хэлэх юм уу. Лениний хэлсэн хоёр үнэн үг байдаг. “Сур сур бас дахин сур”, “Хүнийг дахин хүмүүжүүлэхгүй” гэж. Тамхи татдаг хүнийг тамхи татдаггүй болгоно гэж зүтгэхийн оронд харин орчин, нөхцөлөөр нь, боломжоор нь тэр хүнд ойлголт өгөх хэрэгтэй. Тэр хүн өөрөө л сонголтоо хийнэ. Түүнээс биш аав ээж нь хүмүүжүүлж чадаагүй хүнийг, түүний зуршлыг нь хуулиар өөрчилнө гэж байдаггүй юм. Татвараа нэмэгдүүлээд тамхи татахыг болиулна ч гэх шиг. Ер нь аливаа хориг эргээд хүнд сөрөг үр дагавар авчирдаг юм.
-Та 500 метрийг алхам гэж хуулийн төсөлдөө тусгасан нь УИХ-ын чуулган дээр шүүмжлэл, ёжлол дагуулсан.
-Тийм. Сая чуулган дээр 500 алхам гэж оруулж ирсэн чинь Шаравжамцын алхам уу, чиний алхам уу гээд л асууж байна лээ. Ц.Нямдорж гэх мэт монгол сэтгэхүйгүй хүмүүс өөрөөр боддог байх. Хятадад олон удаа очоод үзчихсэн хүн учраас нөгөө жоорогносон алхмыг сайн ойлгож байгаа байх. Уг нь монгол ахуйгаар бол атар газар эзэмшихэд шан татаж хэмжээ тавьдаг модон хэмжигч байдаг шүү дээ. Алхам хэмжигч гээд, эргүүлээд эргүүлээд явдаг. Тийм хэмжигч бол Шаравжамцын алхмаар эсвэл Нямдоржийнхоор биш байх. Хамгийн гол нь үүнийг мэдэж байгаа мөртлөө мэдэхгүй царайлах, ойлгож байгаа мөртлөө ойлгохгүй гэж ярих ийм явцгүй байж болохгүй л дээ.
-500 метрийн хязгаарлалтыг багасгах нь зөв үү?
-Бид нэг зүйл ойлгомоор байна. Миний хэлээд байгаа бол багасгах нь чухал биш. Ихэсгэх нь ч чухал биш. Гол нь судалгаан дээр суурилж байж бодлого шийдвэр гаргахын хүсч байгаа юм. 500 метр гэдэг хязгаарлалт сайн байж болно, тэгвэл ямар судалгаа байгаа юм. 1000 байж ч болно шүү дээ, бүр 2000 байж ч болно. Гэтэл зүгээр л Г.Уянга гишүүн 500 гэдэг тоо хэлэнгүүт за гээд гар өргөчихсөн шүү дээ.
-Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр үү?
-Тийм шүү дээ. 500 гэнгүүт л за гээд гар өргөчихсөн. Би хажууд нь байсан хүн, мэдэж байна шүү дээ. Тэгэхээр миний яриад байгаа энэ хэмжигдэхүүнийг орон нутгийн нөхцөл байдал, худалдааныцэгүүдтэй холбож л хийх ёстой. Түүнээс багасгах нь зорилго биш ээ. Гол нь судалгаа хэрэгтэй. Ихэсгэх ёстой гэвэл ихэсгэж ч болно.
-Та Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахдаа судалгаа хийсэн үү. Жишээ нь хэт хатуу хязгаарлалтууд тавиад ирэхээр тамхины худалдаа далд хэлбэрт шилжиж байгаа талаар ч гэдэг юм уу?
-Судалгааны тайлан ярьснаас амьдрал дээр хүн болгон үүнийг хэлнэ дээ. Аливаа зүйл 70-аас дээш хувьтай болбол хяналтаа алддаг гэдэг үг байдаг. Түүн шиг л юм. Баруун дөрвөн замаас наашаа ч юм уу, эсвэл XIII дугаар хорооллоос, хойшоо Таван буудал, урагшаа Энхтайваны гүүрээс урагш XIX хороололоор яваад асуу. Миний үг 100 хувь үнэн гэдгийг ойлгоно. Яагаад гэвэл хэлбэрдэж, хэн нэгэнд таалагдаж, гоё харагдах гэж ярих сэтгэхүйтэй биш энгийн хүмүүс тэнд амьдарч байгаа. Тэд үнэнийг ярина, ийм л байна.
Г.Сонинбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД