Барак Обама Ким Чен Уны үйлдлийн талаар юу бодож байгаагаа ярьжээ

БНАСАУ “өдөөн хатгасан үйлдлээсээ” татгалзана хэмээн АНУ болон түүний түншүүд найдаж байна. Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэтэй өчигдөр уулзсаныхаа дараа ингэж мэдэгдэв.

БНАСАУ-ын эргэн тойрны байдал хэлэлцээний нэг гол сэдэв байсан байна. Пхеньяны эрх баригчид өөрийн үйлдлээр хямралт байдал үүсгэж, ингэхдээ буулт хийлгүүлэхийг зорьж байсан тэр өдрүүд ард үлдлээ гэж Обама хэлжээ. “Тэд чиг бодлогоо өөрчлөхийг харуулж буй үйлдлийг бид одоогоор олж харахгүй байна” гэж америкийн төрийн тэргүүн дурджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзаж байгаагүй учир, түүнд үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй” гэж Обама тэмдэглэсэн байна. “Гэхдээ түүний үйлдэл өдөөн хатгасан шинжтэй байгаа” гэж америкийн төрийн тэргүүн дурджээ. “Хэрвээ тэр өөр замыг сонговол, АНУ, Өмнөд Солонгос хоёр үүнд баяр хүргэх болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хүлээсэн олон улсын үүргээ БНАСАУ биелүүлвэл бид нээлттэй байх болно” гэж Обама хэлжээ.

АНУ Өмнөд Солонгосыг хамгаалах үүргээ биелүүлсээр байх болно гэж Обама нотлов.

Америкийн сагсан бөмбөгчин асан Деннис Родман гуравдугаар сард БНАСАУ-ын төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа Ким Чен Ун дайн хийхийг хүсэхгүй байгаа, Барак Обамаг утасдахыг хүлээж байна гэж ярьсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ