Б.Отгонсүрэн: Ойн тооллогоор Монголын ойн хүлэмжийн хийн шингээлтийг хэмжинэ
Олон зорилтот ойн тооллого орон даяар эхэллээ. Монгол Улс 1956 ондойгоо анх удаа тоолж байсан. Тухайн үед бүх салбарыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын тулд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн тооллогын зорилго, аргачлал өөр. БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ойн тооллогын зорилго, аргачлалын талаар тодруулж өгнө үү?
-Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 9 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж авах талбайг байгуулсан. Улс орон бүр байгалийнхаа баялгийг зөв зохистой ашиглахын тулд ямар үнэтэй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тэр тусмаа нөхөн сэргээгдэх баялгийг цаг хугацааны тодорхой давтамжтайгаар өөрчлөлтийг нь гаргаж байх учиртай. Тооллогоор ганц ойгоо тоолохгүй, биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолно. Мөн хичнээн тонн хүлэмжийн хийг Монголын ой шингээдэг болохыг хэмжих юм. Хүлэмжийн хийг ялгаруулж байгаа хэмжээг тодорхойлчихвол REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болно. Мөн ойн төлөв байдал нэг зэрэг гарч Төрөөс ойн талаар баримтлах бодлого гаргахад суурь мэдээлэл үүсэх олон талын ач холбогдолтой.
-REDD+ хөтөлбөрт хамрагдсанаар ямар үр дүнд хүрэх вэ?
- REDD гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утга санааг илэрхийлнэ. UN-REDD хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоосүүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг (REDD+) бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачлага бөгөөдманай улсад 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Зорилго нь: хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлыг бууруулах, CO2-н хуримтлалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. REDD+ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсч буй хөгжиж байгаа орон үндэсний ойн мониторингийн системийг байгуулах талаар 2 үүрэг хүлээдэг. Тэр нь ой болон ойн өөрчлөлтөд цаг үе бүрээр мониторинг явуулах,ойн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг хэмжих. Энэ үүргээ биелүүлэх зорилгоор ойн тооллогыг эхлүүлээд байна. Хөтөлбөрт хамрагдвал ойн доройтлыг хамгаалах ажил эхэлнэ.
-Хүлэмжийн хийг хамгийн их шингээдэг зүйл нь ой юм уу?
-Тийм. Ойгоос гадна ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч юм. Тиймээс ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Тиймээс ялгаруулалтыг багасгах хэрэгтэй. Ялгаруулалтыг багасгах хоёр арга бий. Эхнийх нь дэвшилтэт техник ашиглах, нөгөө нь ногоон массыг нэмэгдүүлэх. Ой, ургамал жилийн турш 450-650 тэрбум тонн хүлэмжийн хийг шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо байдаг. Үүний 80 хувийг ой шингээдэг. Ийм учраас л ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг барьж чадах юм. Дулаарлыг зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.
-Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилтийг хийсний дараа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлголоо. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ямар байх бол?
-Олон улс хооронд явагддаг карбоны худалдаа гэж бий. Хүлэмжийн хий хичнээнийг үйлдвэрлэсний үзүүлэлтээр нь өндөр хөгжилтэй орнуудаас мөнгө авдаг. Тухайлбал, Монголд нэг га ой тарилаа гэж бодъё. Чиний тарьсан ойг хэдэн төгрөгөөр үнэлэхийг одоогоор манай улсын хувьд тогтоогоогүй. Ойн тооллогоор хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилтхийсний дараа л тогтоох боломжтой болно. Монголын нэг га шилмүүст ой тийм хэмжээний хүлэмжийн хийг шингээдэг гэсэн тооцоо хэрэгтэй. Хэрэв тооллого хийсний дараа үнэлгээ нь тогтоогдвол төлбөр авах боломж бүрдэх юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар манай улсыг сонгох болно. Хөрөнгө оруулалт орж ирнэ.
-Хүлэмжийн хийн шингээлтийг тодорхойлох аргачлалыг яаж гаргасан бэ?
-5,7 тэрбум төгрөгийг Германы Засгийн газраас санхүүжүүлж байгаа. Гэхдээ техник, аргазүйн хувьд дэмжлэг үзүүлж байна. Тооллого хийх хэмжилтийн аргачлалыг боловсруулсан. Энэ тооллогоор ганц модоо тоолохгүй, био масс, амьтан, биологийн төрөл зүйлзэрэг ойд юу байна тэр бүхнийг тоолох учраас шинэ аргазүй хэрэгтэй болсон. Аргачлалыг 2012 оны 12-рсараас жилийн хугацаанд боловсруулсан. Мөн тооллогоо хийж дууссаны дараа тайлангаа боловсруулах хэрэгтэй болно. Боловсруулахад лаборатори хэрэгтэй. Энэ бүх техникийн дэмжлэгийг Германы Засгийн газраас хариуцаж байгаа.
-Манай талаас хичнээн төгрөг зарцуулах вэ?
-Нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний 886 сая төгрөг нь хээрийн судалгаа явуулах 22 багийнхны цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа. Харин үлдсэн 114 сая төгрөгөөр тооллогын дүнг нэгтгэх Ойн судалгаа хөгжлийн төвийн дэргэд байгуулагдсан лабораторид ажиллах хүмүүсийн цалин болон урсгал зардалд зарцуулагдана. Ойн тооллогыг хийснээр зарцуулсан нэг тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнийг ойлгох хэрэгтэй.
-Хээрийн судалгааны ажил хэзээ дуусах вэ?
-Аравдугаар сарын 15-нд дуусна. Дараа нь мэдээлэл боловсруулалт 11–р сараас 2015 оны 3-р сар хүртэл үргэлжилнэ. Дуусгаад тайланг Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж баталгаажуулна.
-Хээрийн судалгааны 22 багаас гадна хяналтын давтан тооллогын 3 баг ажиллана гэсэн. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Технологийн хяналтын баг, БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвийн хамтарсан хяналтын баг, хөндлөнгийн хяналтын баг ажиллана. Технологийн хяналтын баг одоо ажилдаа гарсан. Хэрэв буруу технологоор хэмжилт хийж байвал эрт илрүүлэн зогсоож, залруулах үүрэгтэй.
-Ойн тооллогыг хэдэн жилд хийж байх вэ?
-Таван жилд нэг удаа хийнэ гэж шинэчилсэн журамд тусгасан байдаг. Улсын хэмжээний газрын нэгдмэл сангийн тайлан мэдээ таван жилд нэг удаа гардаг юм. Үүнд улсын ойн сангийн мэдээллийг оруулахын тулд таван жилд нэг удаа шинэчилж байх ёстой болсон. Манай улсын хувьд ойн сан бүхий газарт 18592400/18.5 сая/ га талбай хамаардаг. Энэ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 11.09 хувийг эзэлдэг.
-Ойн сан гээд яриад байдаг. Ер нь ойн сан юу юуг багтаадаг вэ?
Хэвийн өсөлттэй ой, ямар нэг байдлаар түймэрт өртөж, хортонд идэгдэж, огтлогдсон, эсвэл уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй доройтолд орсон талбай, ойн цоорхой, гол мөрний дагуух бургасан шугуй, бут сөөг энэ бүгд нийлж байж ойн санг бүрдүүлдэг.
-Хоёр дахь удаагийн тооллого хэзээ болсон юм бэ?
-Дараагийн тооллого 1974-1975 онуудад явагдсан. Энэ тооллогын ОХУ-ын мэргэжилтнүүд манай мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн байгаа. Зорилго нь социолизмийн материал техникийн бааз байгуулахын тулд хаанаас мод огтлох вэ гэдгийг судлахаар тооллого хийсэн гэдэг. Тухайн үед мод бэлтгэлийн 16 аж ахуй үйл ажиллагаа явуулж байж. Үүнээс хойш дандаа ой зохион байгуулалтын ажлууд хийгдэж, жилд хичнээн хэмжээний мод огтлох ёстой вэ гэдгийг гаргаж тооцож ирсэн. 1990 оноос хойш ойн зохион байгуулалтын ажлыг байгаль хамгаалах чиглэлээр зохион байгуулах болсон. Гэхдээ хөрөнгө мөнгө нь байхгүй байсан учраас аймаг, аймгаар нь хэсэгчилж тоолох ажлыг хийдэг байлаа. Энэ нь цаг хугацаа алдсан, тогтворгүй мэдээлэл гардаг эрсдэлтэй байсан юм. Ингээд улсынхаа нэгдсэн мэдээлэл гаргах шаардлагатай болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ