Л.Чуваамид: Охиныхоо саналыг ч асуулгүй хадгийг нь аваад хөгшиндөө донгодуулсан

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын хадам аав,Ардын зураач Л.Чуваамитэй улзаж ярилцлаа.

-Та Монголын нүүр царай болсон нэртэй уран дархчуудын нэг. Сүүлийн үед ямар томоохон бүтээл хийв? Дотооддоо төдий­гүй гадаадад өндөр үнэлэгдэх томоо­хон бүтээлүүд хийсэн хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл үзэсгэлэнгээ гаргаагүй юм бэ?
-Төрд зарцлагдаж насыг барлаа. Ер нь аль ч цагт дархан хүн нийгмийн зарц явсаар дуусдаг бололтой юм. Хөгширсөн хойноо лам нарт зарцлагдаж суух шив дээ. Одоо ч бурхны өртэй. Миний нагац ах Архангайдаа нэртэй дархан хүн байлаа. Миний аав ч хоосонгүй. Би найм есөн настайгаасаа аавынхаа багажны ир мохоож морь хийж суудаг хүүхэд байсан гэдэг юм.

Арван хэд хүрээд их том эр болж нэг хэсэг мал дээр гарлаа. Бодоод байсан чинь миний хийгээд байгаа юм нэг л биш ээ, ерөөсөө больё гэж шийдээд хот орлоо. Тэгж явж ханьтайгаа учирсан юм. 22 настайдаа гал голомтоо бадрааж анхны хүүхдээ тэвэрч байлаа. Миний аз болж сайхан хүнтэй ханилсан. Манай хүн чинь хүн эмнэлгийн мэргэжилтэй.

Олон хүүхэд өсгөсөн буянтай хүн. Дээхэн үед чинь гурван ихрийг гурван нас хүртэл нь улс өсгөж өгдөг байлаа шүү дээ. Увсын гурван ихэр, Хөвсгөлийн гурван ихэр, Архангайн гурван ихрүүдийг манай хүн өсгөлцөж Увсын гурван ихрийг хүүхдүүдтэйгээ зэрэгцүүлэн хөхөөрөө хооллож хүн болголцсон юм. Одоогийн Урт цагааны зүүн үзүүрийн хоёр давхар байшинд анх Урчуудын артель байрладаг байв. Эндээс л би ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүн.

Зураг урлалын газрын Чоймбол гуайтай нүүр тулж уулзаж яваагүй мөртлөө тэр хүн шиг л хүн болно гэж явж Урчуудын артельд орчихсон хэрэг шүү дээ. Түүнээс хойш төрийн хий гэснийг хийж явсаар өдий хүрэх шив дээ. Миний бүтээлүүд ихэнх нь гадаадад гарсан. Бүр нэр ус ч үгүй шүү. Тоолж үзэхэд би нийт 36 ясан шатар хийсэн байдаг юм. Тэр үед биднийг нэр тавиулдаггүй байлаа. Одоо галерейд цөөн бүтээл л бий. Яахав, хийсэн барилгын дотоод засал чимэглэлүүд зөөгдөхгүй болохоор байж байх юм даа. Төрийн ордны чимэглэлийг хийсэн нь хийснээрээ байж байх шиг байна.

Бусад нь гадагш гараад дууссан. Би байнга тэмдэглэл хөтөлж,хийсэн бүтээлүүдээ жагсаан бичдэг зантай хүн. Хийсэн бүтээлүүд он сар өдөртэйгөө тэмдэглэл дээр л үлдэж. Хүн тоогоогүй үлдсэн бүтээл гэвэл зааны ясаар сийлсэн В.Ленин багшийн сийлбэр. Нийгэм нь өөрчлөгдөж хэнд ч хэрэггүй болоод надад дурсгал болж үлдсэн эд.

Бас Ю.Цэдэнбал дарга, Л.Брежнев хоёрын модон сийлбэр байдаг юм. Шавь нар, багш та үзэсгэлэнгээ гаргаач гэдэг л юм. Үзэсгэлэн гаргах бүтээл цөөхөн болохоор яршиг юм уу гэж бодоод байгаа. Хүүхдүүдийг цаашлуулаад “Үзэсгэлэнгээ гаргаж үзээгүй үхэр монгол хүн дээ би” гэж суудаг юм.
-Та Жанрайсэг бурхны ширээг урласан. Төвхөн, Дамбадаржаалин, Амарбаясгалант хийдийн гол шүтээнүүд таны ур ухаан шингэсэн дахин давтагдашгүй бүтээлүүд. Нууц биш бол дархан хүний бурхан ухааныг төр хэр үнэлдэг юм бэ?
-За даа, дээхэн үед Урчуудын артельд байхад хийсэн бүтээлийг цалингийн системээр тооцдог байсан юм. Хамгийн өндөр цалин тэр үед 700 төгрөг байлаа. Нэг бүтээлийг хэдий хэр хугацаанд хийсэн бэ гэдгийг нь тооцоод цалинг нь хугацаанд нь хуваагаад тооцчихно.

Яахав, Жанрайсэг бурханы ширээг хийгээд хоёр сая гаруй төгрөг авлуу. Мөнгөндөө гол биш үр хойчдоо үлдээж чадах миний чадал л энэ. Хийдийн гол шүтээнүүдийг Дорж гуай, Гүрдаваа ринбүчи нарын хүсэлтээр чадан ядан урласан.
-Д.Сумьяабазар аваргад та ямар ширээ урлаж өгсөн юм бэ? Анх ширээ хийлгэх гэж ирээд танай гэр бүлийнхэнтэй танилцаж байсан гэсэн? Ширээндээ ч гол биш охинтой чинь танилцах шалтаг болгож ирсэн шиг байгаа юм, тийм үү? Тэр үеийг дурсахад одоо их сонин байна?
-Би бөхөд их хорхойтой. Аль хоёр Мөнхийн үеэс эхлээд Сособарам, Мижиддоржийн үеийн бөхчүүдийн барилдааныг алгасахгүй үзнэ дээ. Д.Сумьяабазар их сайхан барилдаантай, миний хайрлаж явдаг залуу бөхчүүдийн нэг. Жанрайсэгийг залах үеийн барилдаанаар хавтай сайхан барилдаж түрүүлж байлаа. Урьд өмнийн мэдэх юм.

Анх албан ёсоор орж ирсэн нь ширээ хийлгэе гэж ирсэн нь тэр. Өмнө нь Г.Өсөхбаяртай хамт орж гараад явдаг л байсан. Золигнууд ширээ хийлгэх нэрээр охинтой л уулзах гэж ирсэн шиг байгаа юм. Мичидмаа мисс болсны дараахан шүү дээ. Охин маань хүн ирэхээр цаад өрөөндөө орчихоод гарч ирдэггүй. Гэтэл нэг орой Д.Долгорсүрэн, Д.Пүрэвбадам хоёр их л хэрэг зоригтой улс ирээд хоёр хүүхдээ танилцуулъя гээд хадаг тавиад явдаг юм.

Д.Долгорсүрэнгийн хүүтэй охиноо гэрлүүлэх дуртай байлгүй яахав, бөх сонирхдог хүн чинь. Олон ч юм бодолгүй хадгийг нь авчихсан. Маргаашнаас нь Сумьяа байн, байн ирээд миний муу мужааны хог новшин дунд ч хамаагүй хэвтээд өгдөг болсон. Хээгүй сайхан хүү шүү дээ.Би ханилж амьдарсан 50 гаруй жилийн хугацаанд эхнэрээсээ хоёр удаа чангахан жавтий хүртсэн хүн.

Том охин Маралмаагаа дунд сургууль төгсч, дээд сургуулийн хуваарь сонгоход нь барилгын инженерийн хуваарь дур мэдэж аваад “Охин хүүхдэд барилгын мэргэжил сонголоо. Тэнэг хүн тэнэгээрээ л дуусдаг юм байна” гэж эхнэртээ донгодуулсан юм. Миний охин сурлагаараа гайхагдсан хүүхэд байсан. Одоо Монголд мэргэжлээрээ гайхагдаж байна.

Дараа нь охиныхоо саналыгч асуулгүй хадаг авсан явдал. Яагаад ч юм хачин дуртай зөвшөөрсөн юмдаг. Хадгийг нь авчихъя. Дараа нь хүүхдүүд танилцаж болох л байлгүй гэсэн шүү юм бодогдоод авчихсан чинь хөгшиндөө зэмлүүлж байлаа. Алдсан л юм алга. Хоёр сайхан хүүхэдтэй сайн сайхан л амьдарч явна. Д.Долгорсүрэнгийнхэн ч тэр, хөгшин бид хоёр ч тэр, эцэг өвгөдийн буянг эдлэх хувьтай улс юм. Үр хүүхдийн буянд жаргаж л сууна.
-Д.Дагвадоржийг аварга болсных нь дараа та урилгаар нь Японд айлчилж байсан? Аварга Д.Дагвадорж танайхаар орж гарах уу?
-Аварга болсныхоо дараа намайг Японд урьж би гэрт нь сар шахам амраад ирсэн. Аварга болоход нь өгсөн байшинд нь тааваараа амарсан. Ирээд явахдаа зав зай нь болбол манайхаар ороод хоёр хөгшнийг баярлуулаад гардаг юм. Дээр ирэхдээ үс самнадаг хүмүүстэйгээ хамт ирж яаж үсээ янзлуулдагаа үзүүлсэн. Хөгшин мааньих сонирхожбайна лээ.

Анх Сумьяаг дагаад манайхаар орж гарч явдаг байхдаа Д.Дагвадорж сургуулийн жаахан хүү, хаа ч хамаагүй унтаад өгдөг хүнийрхдэггүй, хээгүй зантай хүүхэд байсан. Тэр л зангаараа хөгшин бид хоёрт элэгтэй байдаг юм.Эр өсч эсгий сунана гэдэг сайхан юм. Одоогоос бараг 10-аад жилийн өмнөх юм дурсаж байна шүү дээ ах чинь.
-Монголчууд хүүхний сайхан нь хол бэрлэдэг гэдэг байлаа. Сайхан охин төрүүлсэнийх, сайхан бөх хүүтэй болсон. Ажлын тань өрөөнд хүргэний тань энэ олон зураг өлгөөтэй байгаа нь таны бүтээлүүд үү?
-Хүргэнээ зураагүй ээ. Фотоноос нь татсан зургууд. Манай хүүхдүүд намайг хүргэнийхээ ямар олон зураг өлгөдөг юм гэж шоолдог юм.
-Та дөрвөн хүүтэй хүн. Таны авъяасыг өвлөсөн уран дархчууд хэр олон төрөх бол. Монгол дархчууд хэзээ ч ганц өөрөөрөө дуусдаггүй. Хойч үеэ бэлтгэж үлдээдэг заншилтай. Та шавь бэлтэж байгаа юу?
-Суръя гэснийг нь цаашаа гэдэггүй л хүн. Манайхаас лав нэг сайн дархан төрнө. Харин ач нараас сонирхох хүн ховор шүү. За даа тэгээд хүүхдүүдэд улиг болчихдог шиг байгаа юм. Өвөө үүнийгээ нүдэж л суудаг юм гэж боддог байх.


Ярилцсанд баярлалаа
С.Энхжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ