Х.Батболд: Дэлхийд хосгүй уртын дуугаа азарган чонын улихтай зүйрлэхийг яруу найраг гэх үү

Энэ удаагийн “Өглөөний зочин” буланд яруу найрагч Х.Батболд уригдсан юм. Түүний ярих хэлэх нь хүртэл бусдаас нэг л өөр, өнөөгийн нийгэмд яг л энэ мэдрэмж, энэ үг, энэ үйл хэрэг дутаад буй учир хувь хүнийх нь тухай бус уран бүтээлчийн тэрхүү өөр бодол сэтгэл, өөр өөр санаа сэдлийг уншигчдадаа хүргэхийг зорьсон юм.

-Та “Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй бол улс гэр хөгжихгүй” гэж хэлдэг. Хоёул эндээс ярилцлагаа эхэлвэл ямар вэ?
-Тэгье. Энэ улс орны баялаг нь алт эрдэнэс биш иргэн бүр өөрөө. Тийм болохоор хүний хөдөл­мө­рийг үнэлж сурах нь ир­гэншлийн хамгийн наад захын төлөвшил.
Ер нь байгалийн баялаг бус гагцхүү хүний хийж бүтээсэн бүхэн нь л баялаг болон үлддэг. Тиймээс бодлого сайтай улс орнууд хүний хөдөлмөрийг өнд­рөөр үнэлж, аливаа бү­тээгдэхүүн, бүтээлийг ху­далдан авахдаа үнэ өртгөөс гадна “цайны мөнгө” хүртэл өгч заншсан байдаг шүү дээ.
Бидний хошуураад бай­даг Америк, Япон, Со­лонгост жирийн ажилчны цалин гэхэд “амьжиргааны өртөг”-ийг гурав нугалах хэмжээний байхад манайд эсрэгээрээ гурав дахин бага байх жишээтэй.

-Тэгэхээр иргэд нь хүртээмжтэй бус хүргэж ядсан цалингаар амьдарч байгаа улс орон хэзээ ч хөгжихгүй гэж үү?
-Яг тийм.
Хоосон хоночихолгүй, авсан хэдийгээ яаж хүргэе дээ гэж яваа хүмүүс идэвх санаачилгатай ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл гаргах уу. Ийм нөхцөлд иргэний төлөвшил, шудрага ёс, авилга хээл хахуулийн талаар яриад ч хэрэггүй. Хамгийн түрүүнд хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн хүн л илүү ихийг хийж бүтээхийг хүсдэг, бүтээдэг ч. Хөгжиж цэцэглэсэн оронд хүн болгон соёлтой, иргэний ухамсартай, хүн чанараа эрхэмлэж аз жаргалтай амьдардаг.

-Таныхаар бол аз жаргалтай амьд­рахын тулд хаанаас юунаас яаж ажиллаж эхлэх вэ?
-Ард иргэдээ нийтээр нь иргэн­шүүлж, төлөвшүүлэхээс л хамаг ажил эхэлнэ. Ингэх гэж бид өмнө нь урлаг, уран сайхнаар дамжуулан ухуулан сурталдаж дараа нь боловсрол мэдлэг олгож үзсэн. Амжилт олоогүй. Яагаад амжилт олоогүй вэ гэхээр иргэний ухамсар суухгүй байна. Бид “Монгол хөгжихгүй нь ээ, Монголчууд ухамсаргүй” гэхчилэн ярьж бу­химдсаар л байна шүү дээ.

-Тэгвэл яагаад энэ их хүчтэй салбар хүч нөлөөгөө үзүүлэхгүй байна вэ?
-Барууны соёлд хэт автаж даган дууриаснаас үндэстний онцлог, хувь хүний мөн чанар, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшлээ алдаж, хэт их алгассантай шууд холбоотой. Учир юун гэвээс бор гэрээс шууд хауст амьдрахсан гэж яарах шиг дорнын сэтгэхүйд өрнийн соёлыг наах гэж хэтэрхий тэмүүлсэнээс үүдэлтэй гэсэн үг.
Тухайлбал барууныхан нэр ус хаягаа хүнд хэлэхдээ өөрийн нэрнээс эхлээд улсынхаа нэрээр төгсгөдөг. Харин бид улсынхаа нэрнээс өөрийн нэр хүртэл хэлдэг. Энд том ялгаа философи байгаа юм. Бид хэзээ ч би бол Монгол Улс гэж бодож сэтгэдэггүй. Харин улс орон маань хөгжчихвөл би түүнд дасан зохицож амьдарч чадна гэж боддог. Гэтэл өрнийнхөн би бүтээж хөгжвөөс улс орон хөгжинө гэж сэтгэж байгаад л хамаг учир байгаа бөгөөд тэд өөрийн гэсэн ухамсартай байсан учир хөгжиж дэвжсэн.

-Тэгвэл бидэнд өөрийн гэсэн онцлогтой дотоод ухамсар байхгүй гэж үү?
-Байсан юм, байгаа ч юм. Харин бид түүн дээгүүрээ харайгаад өөр соёл иргэншилд дасах гэж яараад байна. Юу гэвэл өөрсдийнхөө дотоод мөн чанар хүсэл тэмүүл­лээрээ урлаг уран сайхнаа бүтээж туурвиж чадахгүй бусдыг хуулбарлаад үндэсний үзэл, язгуур ухамсар сэтгэлгээгээ гээчихэж. Тухайн улс орны ард түмнийг нэгтгэн нэгэн зүгт чиглүүлэхэд урлаг, уран сайхан чухал нөлөөтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Яруу найраг, хөгжим, уран зураг гуравт бүх урлаг хураагдана. Гэтэл энэ гурван салбар яруу найрагт багтдаг. Ингэхээр яруу найргийг энд зориуд онцолж ярих хэрэгтэй.
Урлагийг тулгын чулуу шиг тулж байдаг гурван тулгуурын нэг нь яруу найраг. Харин бид яруу найрагт дэндүү хайнга хандах болж. Орчин цагийн дийлэнх яруу найраг Монгол сэтгэхүйгээр бичигдэхгүй гадаадын яруу найргаас хуулбарласан шинжтэй бичигдэх болж. Тиймээс л манай яруу найрагчдын шүлэг найраг хүний сэтгэлийн галыг өрдөж бадрааж чадахгүй амнаас нь шууд газарт унаад байгаа юм.

-Амнаас нь гараад газарт унаж буй тэр жишээнээс дурьдахгүй юу?
-“Болор цом” наадамд түрүүл­сэн нэгэн шүлэгт “...Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм...” гэдэг. Чоно хэдийгээр хийморьтой амьтан ч гэлээ хүмүүний хий­морийг яаж гүйцэхэв. Чонын улиан шиг дуу ч гэж юу байхав. Сэтгэлд хөндий, хүнийрхүү бууж байгаа юм. Дэлхийд хосгүй уртын дуугаа азарган чонын улихтай зүйрлэх нь яруу найраг гэж үү. Эндээс омогшил бардамнал огт төрөхгүй. Чоно ульж байгаа юм шиг бид ярьж хэлэлцээд байдаггүй биз дээ. Тэгвэл “Миний Монгол хэл” гэх шүлэгтээ Б.Ренчин гуай
...Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!... гэсэн байдаг. Үүнээс Монгол үнэр, Монгол юм харагдаж, омогшил, баясгалан, бахархал үнэртэж, амтлагдаж байгаа биз дээ. Хэн ч энэ шүлгийн аль ч хэсэгтэй маргаж шүүмжлэхгүй. Хэлэх гэсэн санаа тод, хаанаас нь ч харсан төгс. Зөвхөн энэ хоёр жишээнээс яруу найраг унаж уруудаж байгааг харж болно. Ер нь монголчууд гадны соёл иргэншил, хөгжил дэвшилд шунаж, Монгол биш юм шиг аашлаад байна. Жишээ нь олонд нэртэй нэг уран бүтээлч бүсгүй 70 настай ээжийгээ Америкт аялуулж л дээ. Тэгээд мань ээж буцаж ирэхдээ онгоцноос буунгуутаа “Монгол ямар балиар юм бэ. Утаа униар нь хоолой хорсгоод, шороо тоостой, муухай байна” гэхчлэн үглээд золтой л бу­цаад онгоцондоо суучихаагүй гэдэг. Урьд Улаанбаатараас ч гарч үзээгүй хижээл авгай ахархан хугацаанд хэн болчихоод ирэв.

-Төдий насны тэр эмээд ч үндэсний ухамсар алга аа?
-Солонгост ундаа, пивоны шилэнд шүлс ч юмуу тамхины иш хийвэл ямар ч солонгос хүн “Ингэж болохгүй. Наад шилийг чинь ажмаа нар гараараа ухаж цэвэрлэдэг юм. Бид наад шилэнд чинь савласан ундааг ууна” гэх мэтчилэн учирлаж хориглодог. Эндээс харахад солонгосчууд ялихгүй зүйл дээр ч бусдын хөдөлмөрийг үнэлж, үндэсний ухамсар гаргаж улс гэрээ хөгжүүлж байна. Үүний үр дүнд нийт нийгмээрээ аль нэг нам, улс төрийн хүчний бодлогоор бус үндэс угсаагаа гэсэн үзлээр иргэншин төлөвшиж аливаа асуудлыг хуулиас өмнө ардын зан заншил, онцлогт тулгуурлан шийдэж нийлэн нэгддэг байна.

-Тэгвэл бид цаашид ямар арга замаар үндэсний ухамсартай иргэн болж төлөвших вэ?
-Аливаа улсын ард түмэн үндэсний зан заншил, итгэл үнэмшлээрээ л ялгарч байдаг. Хувь хүн ч гэсэн өөрийн дотоод ертөнц, давтагдашгүй онцлог гентэй. Гэсэн ч өөрийн төрж өссөн нутаг ус, улс гэрийнхээ нэрэн дор нэгддэг. Монголчууд бид ч гэсэн Монгол гэдэг нэрэн дор нэгдэн нийлж “Халуун элгэн нутаг” дуугаа дуулан сэтгэл зүрхээрээ омогшин огшдог. Улс үндсээ гэсэн сэтгэл хүн бүрийн зүрхэнд оргилон буцалж, найраг шүлгэндээ шингээн, аялгуу дуундаа уяран хайлж байдаг. Эндээс үүдэн хүн бүрийн дотор оршин буй үндэс угсаагаа гэсэн сэтгэлийг урлаг соёл, уянга найраг өдөөн гаргаж эв эеийг нэгтгэж байна гэдгийг ойлгож болно. “Би Монгол хүн” гэдэг сэтгэлийг мэдрүүлэхэд, “Миний гараар миний Монгол хөгжинө” гэсэн үзлийг төлөвшүүлэхэд, “Би байвал Монгол Улс байна, Монгол Улс байгаа цагт би даян дэлхийд элэг бүтэн явна” гэдэг үнэмшлийг сэрээхэд бидний яруу найраг, урлаг соёл Монголоороо сэтгэж байвал чухал нөлөөгөө үзүүлэх болно.
Энэчлэн иргэний төлөвшил, урлаг соёл, яруу найргийн тухай олон юм ярьж болох ч хоёул ярилцлагаа өндөр­лөх үү дээ, та цагаа хараад байна.

-Тэгье дээ. Гэхдээ таны хэлэхийг хүссэн зүйлийг онож асууж чадаагүй, бас ярилцлагаа дутуудуулчихсан байх вий?
-Гайгүй дээ. “Яруу найрагчид нийгмийн сэтгэлгээг чирч явдаг юм” гэсэн нь зүгээр ч нэг хийрхсэн үг биш. Ухаан нь түрүүлбэл өөдөлдөг юм шүү гэж хэлдэг өвгөдийн минь үгийг батлах гэсэн шиг тэртээ Арабын элсэн цөлд “Цанын бааз” байгуулж, далайн мандал дээр дэлхийн хамгийн өндөр цамхаг босгож байхад бид нүүрсний амбаар шиг Нарантуул захыг барьж “Олон улсын худалдааны төв” гэж нэрлээд доог тохуу болж сууна шүү дээ. Хүний хөдөлмөрийг үнэлж, оюун ухаанаа дээдэлж, үндэсний ухамсартай амьдарна шүү, монголчууд аа.

-Шүлгийн анхны номоо 2012 өл­гийдөж авчээ. Энэ номынхоо тухай юу өгүүлэх, дараагийнх нь хэзээ хэвлэгдэх бол?
-“Өмөгнөл” шүлгийн номын минь мөр, гишгэм, шад бүхэнд залуу насны оргилсон охь, хорвоо ертөнцийг өөрийн өнцгөөс харж ухаарсан ухаарал, бодрол бясалгал, бачуурал, бухимдал, жаргасан, зовсон, учирлал, өмөгнөл бүгд шингэсэн. Өнгөт орчлонг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж тунгаадаг байх, миний харж буй энэ өнцөг өрөөл хэн нэгэнд ухаарлын учиг болон очоосой гэж боддог доо.

Дараагийн номоо удахгүй уншигч түмнийхээ хүртээл болгоно оо.


С.Туул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ