Монголчуудын Оросыг хиар цохисон ялалтын өдөр

1223 оны 5-р сарын 31-нд Зэв Сүбээдэйн түмт Оросын нэгдсэн хүчийг Калк голын дэргэд бут цохисон билээ. Монголын цэрэг 25 мянга орчим байсан бол Оросын хүч холбоотон Хипчаакын цэргийн хамт 60-70 мянга хүрч байсан гэж судлаачид үздэг. “Мунгаалын Чагониз хааны” цэргийн эсрэг хөдөлсөн Оросын 14 вангийн нэгдсэн хүч Днепр мөрний хөвөөнд буухад зэв Сүбээдэй хоёр элч илгээжээ.
“Таануус маны эсрэг иржээ, бид танай газарт халдаагүй, хот тосгод руу чинь дайраагүй, гагцхүү манай агтчин малчин болох хипчаакуудыг гэсгээх гэж ирсэн, тэд та нарт гай зовлон их учруулсан гэж сонсоод бид залхаан цээрлүүлж байна, та нар тэдний адуу малыг талж хуваан авагтун” гэж хэлүүлжээ. Монголчууд сурсан аргаараа дайснаа хагалан бутаргах гэсэн боловч бүтсэнгүй. Харин Оросын ван нар элчийг хөнөөсөн нь алтан аргамжааг тасалсан гэгдэн байлдах шалтгийг тэдэнд тохох боломжтой болж. Дайсан хүний олноор ааглаж түрэхэд Монголын цэрэг ухарчээ.
Бүхэл бүтэн 14 хоног ухарч. Ухрахдаа Хипчаакын олзны мал сүрэг бас эмс охидыг зам зууртаа зориуд орхиж байж. Орос цэргүүд өдөр бүр мах идэж шөнөдөө эмс хүүхнүүдтэй зугаацан сонор сэрэмж нь суларч харин ааг омог нь ихдэв. Тэр үед мөн одоо ч гэсэн мах нь Оросд тансаг хэрэглээ байсаар ирсэн хэвээрээ. Монголын хөнгөн морин цэрэг хэсэгхэн зуур зууралдан тулалдаад дараа нь ум хумгүй зугтах тул “мунгаал чинь хипчаакаас ч сул дорой, аймхай амьтас байна” хэмээлдэж байсныг сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Гэтэл тэр нь ердөө Зэв, Сүбээдэй нарын ов мэх, урхи отоо байсан. Цэргийн эмх журам, сахилга суларсаар сүүлдээ нэгдсэн удирдлага, зохион байгуулалт нь бүрмөсөн алдагдаж хэн хаана яваагаа ч мэдэхээ байж. Энэ үед нь Калка голын дэргэд хүлээж байсан хоёр түмт гэнэт дайрчээ. Оросын түүхчид хипчакууд ухарснаас болж ялагдсан гэдэг ч гол шалтгаан нь нэгдсэн удирдлага нь алдагдаж ван бүр тус тусдаа тулаанд орсноос болсон.
Мөн сэтгэлзүйн хувьд дайснаа басамжилан хөнгөхөн ялалт байгуулчихна хэмээн хөөрцөглөж байсан нь нэмэр болжээ. Аймхай дайсныг бут цохин ялалтын алдар сууг ганцаараа хүртэх гэсэн Мстислав Удалый ван бусадтайгаа зөвлөлдөлгүй түрүүлж дайраад хүчтэй сөрөг цохилтонд өртөн цэрэг нь эмх журмаа алдан ухарч. Харин олон цэрэгтэй Киевийн ван Мстислав Романович тэдэнд туслалгүй нөгөө эрэгт нь бэхлэлт барьж эхэлж. Гэнэтийн хүчит цохилтоор саланги тасархай орос цэрэгт нэгдэн нийлэх боломж өгсөнгүй. Мстислав Удалыйн цэрэг ухрахдаа бусад вангийн ангийг чирэн сүүлдээ ухралт нь зугталт болон хувирч.
Зэвийн цэрэг тэднийг Днепр мөрөн хүртэл 150 км хөөн цохиж хэдэн арван мянгаар нь хяджээ. Ван завиар зугтан амь гарчээ. Энэ үед Сүбээдэйн цэрэг гол хүч болох Киевийн ван Мстислав Романовичын хүрээ-бэхлэлтийг бүслэн авчээ. Монголын талд орсон оросууд ванг бууж өгөн амиа аврахыг ятгахад тэрээр үгэнд нь итгэж. Харин Сүбээдэй элчийг маань алсан хэмээн олзны 70 гаруй ван гүн, ноёдод “гүн хүндэтгэл” үзүүлэн зулж хэвтүүлээд дээр нь ялалтын баярын найрын ширээгээ засжээ.
Монголчууд баярлан найрлаж харин орос вангууд бяцарч үхсэн гэдэг. Олзлогдсон цэргүүдийг нь дагаж явсан лалын худалдаачдад боол болгон заржээ. Сурвалж бичигт “орос үндэстэн гэж үүсэн цагаас хойш ийм аймшигт ялагдал үзсэнгүй, манай үндэстний сор болсон идэр залуу эрс хэдхэн хоногийн дотор алагдаж дуусав, хот тосгод даяар уй гашуу нөмрөв” гэжээ. Тулаанд мордсон 70 мянган цэргээс 10 хүрэхгүй мянга нь л амьд гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ