Черчиллийн охин таалал төгсжээ

Уинстон Черчиллийн бага охин хатагтай Мэри Соамс 92 настайдаа Их Британид таалал төгссөнийг BBC агентлаг мэдээлж байна.

Британийн нэрт улс төрчийн таван хүүхдийн отгон нь удтал хүндээр өвчилж байгаад өнгөрсөн бямба гаригт гэртээ таалал төгсжээ.

“Тэр ер бусынамьдрал туулсан үнэхээрийн гайхалтай, гарамгай эмэгтэй байсан юм” гэж түүний хүүхдүүдийн нэг, консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн Николас Соамс хэлсэн байна.

“Нормандад холбоотнуудын цэрэг буусны 70 жилийн ойн өмнөхөн Черчиллийн охин таалал төгссөн нь харамсалтай” гэж тэр тэмдэглэжээ.

Хадамд гарахын өмнө Мэри Спенсер-Черчилль гэсэн нэртэй байсан тэр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд армийн туслах албаны бага офицер цол авчээ.

Тэр олон чухал айлчлал, түүний дотор 1945 оны Потсдамын бага хурлын үеэр эцгийгээ дагалдан явж байв. Энэ бага хуралд Черчилль дайны дараах Герман болон Европын ирээдүйг АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн, Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин нартай хэлэлцсэн юм.

Тэрээр амьдралынхаа сүүлчийг хүртэл Черчиллийн тэргүүлж байсан консерватив намтай нягт хамтран ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд Мэри Соамс буяны үйл ажиллагаа явуулж, намтрын номууд бичиж байв.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ