Пелегийн хүүд 33 жилийн ял оноов

Бразил улсын Сан-Паулу муж улсын шүүх мансууруулах бодисын наймаа хийж олсон мөнгөө угаасан хэргээр домогт хөлбөмбөгчин Пелегийн хүүд 33 жил хорих ял оноожээ.
Эдинью гэдгээрээ нэрд гарсан Эдсон Насименту Пеле болон түүний гурван хамсаатан дээрмийн бүлэг байгуулж, улмаар мансууруулах бодис хууль бусаар борлуулан, хүмүүсийг хулгайлж байсны зэрэгцээ зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байжээ.
Хэргийг мөрдөх ажил бүр 2005 онд эхэлж, харин саяхан л шүүхэд шилжсэн байна.
Дөрвөн ялтанд адилхан хугацаатай ял оноожээ. Шүүхийн шийдвэр одоогоор хууль ёсны хүчинтэй болоогүй учир, яллагдагсад давж заалдах эрхтэй гэнэ.
"Би эртнээс мансууруулах бодис хэрэглэж байсан ч, түүнийг худалдаж байгаагүй" гэж Эдинью мэдэгдсэн байна.
Пелегийн хүү 1999 онд гудамжны уралдаанд оролцож байхдаа зам-тээврийн осолд орж, үүний улмаас нэг мотоциклч нас баржээ.
Эдиньюг энэ ослын буруутан гэж үзэж, түүнд зургаан сар хорих ял оноосон ч, 2004 онд түүнийг цагаатгасан байна. Гэвч нэг жилийн дараа Эдиньюг кокаин худалдсан хэргээр дахин баривчилж, нэг жил хорих ял оноожээ.
Эдинью эцгийнхээ адил хөлбөмбөг тоглож, 1990-ээд онд Бразилын “Сантос” клубын хаалгач байжээ. Пеле өөрөө энэ клубт тоглож байсан юм.
1999 оны зам-тээврийн осолтой холбоотой хэргийн дараа Эдинью их спортыг орхисон байна.
Дэлхий дахинд домог болсон эцэг нь хүүгээ ийнхүү 33 жилийн ял сонсоод буйд нь машид эмзэглэж, шүүх хурлын үеэр нулимс дуслуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ