Орост тамхины үнийг нэмнэ

Шинэ оноос хайрцаг янжуурын үнэ 55 рублиэс багагүй (яг одоогийн ханшаар 3000 төгрөг – ред.,) үнэтэй болж болох бөгөөд цаашид үнэ нэмэгдэнэ. Улсын думын Эрүүл мэндийг хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Николай Герасименко ингэж хэлснийг Интерфакс агентлаг уламжилжээ. Думын эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Виктор Звалгельскийн бэлтгэсэн зохих хуулийн төслийг парламентын доод танхимд саяхан оруулсан байна.
Доод үнэ 55 рубль байх ёстой, харин цаашид акцизын өсөлт, инфляцаас хамааран үнэ нэмэгдэнэ гэж Герасименко хэлжээ. Асуудлыг хэлэлцэхэд олонх депутат дэмжих нь тодорхой хэмээн тэр үзэж байна. 2013 онд янжуурт 550 рублийн акциз ногдуулж, дээр нь нэг мянган ширхгийн тооцооны өртөгийн найман хувийг (730 рублиас багагүй) нэмсэн юм.
2014 онд мянган ширхэг янжуурын доод өртөг 1040 рубль (нэг стандарт хайрцаг нь бараг 21 рубль), 2015 онд 1250 рублиэс багагүй (нэг хайрцаг нь 25 рубль) болох ёстой ажээ.
Согтууруулах ундаа, янжуурын татвар бол эрс хөдөлгөж болохгүй “нарийн салбар” юм гэж ерөнхийлөгч Владимир Путин 2013 оны дундуур мэдэгдэж байсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ