Петр Порошенко албан ёсоор ерөнхийлөгч болов

Аль ч нам, улстөрийн хүчинд хамаарагддаггүй, бие даан нэр дэвшигч Петр Порошенко Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсан билээ. Өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр сонгуулийн төв комиссын тэргүүн Михаил Охендовский Порошенко 54,70 хувийн санал буюу өөрөөр хэлвэл санал хураалтад оролцсон сонгогчдын талаас илүүгийн санал авч ялалт байгуулсныг албан ёсоор зарлалаа.

Юлия Тимошенко 12,82 хувь, Олег Ляшко 8,32 хувийн санал авчээ.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 7-нд Киев хотод болох төлөвтэй байна. Энэ арга хэмжээг зохиох тухай зарлиг нэгэнт гарсан юм. Ингэхдээ Майданд ямар ч баяр ёслолын арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөөгүй байна.

Тангараг өргөх өдөр хүлээн авалтын хоёр арга хэмжээ зохиох ажээ.Софиягийн сүмд гадаадын зочдыг, харин Мистецкийн музейн цогцолборт Украины дээдсийн хүрээллийнхнийг хүлээн авна гэж арга хэмжээнд бэлтгэх ажлын хэсгийнхэн хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх ёслолд оролцохыг урьсан урилга хараахан хүлээж аваагүй байна. Порошенко, Путин хоёр ямар нэг байдлаар уулзах тухай ярих нь эрт байна гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков түрүүнд нь хэлсэн юм.

Путин Порошенкогийн ялсантай холбогдуулан түүнд баяр хүргээгүй байна. Песков энэ асуултад шууд хариулахаас цааргалаад, Оросын тал бусад улсын сонгогдсон бүх удирдагчид баяр хүргэх албагүй гэж тэмдэглэжээ.

Порошенко өөрөө 2014 оны зургадугаар сард Путинтэй уулзана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд харин Орос улс украины шинэ ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулахад бэлэн биш байгааг тэмдэглэсэн юм.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ирэх америкийн төлөөлөгчдийг тэргүүлнэ гэжОХУ-д АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан Майкл МакФол мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ