Ирээдүйн шилдэг орчуулагч нар тодорчээ

Монголын Орчуулагчдын Эвлэлээс зарласан дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлээс эх хэлнээ орчуулах уралдаанд оролцсон залуу орчуулагч нар өнөөдөр шагналаа гардан авлаа. Тус уралдааны онцлог нь оролцогсод урьд өмнө эх хэлнээ орчуулагдаж байгаагүй дэлхийн сор болсон яруу найрагчдын бүтээлийг итали, франц, герман, хятад, солонгос, япон, англи, орос зэрэг хэлнээс орчуулж ирүүлсэн аж. Уг уралдаанд МУИС-ийн ГХСС-ийн англи, франц, хятад, итали, герман хэлний ангийн оюутнууд идэвхитэй оролцжээ. МОЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг уралдаанд тэргүүн байранд шалгарах хэмжээний бүтээл ирээгүй гэж үзсэн байна.

Харин залуу орчуулагч Э.Халиунаа Нобелийн шагналт яруу найрагч Рабиндранат Тагүрийн “Төөрөг”, Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Сюлли Прюдомын “Жаргах наран” шүлэг, Францын нэрт зохиолч, яруу найрагч Виктор Хюгогийн “Залуухан бүсгүй танаа”, Францын зохиолч Артур Рэмбогийн “Мэдрэхүй” зэрэг шүлгийг эх хэлнээс нь орчуулсан бүтээлээрээ дэд байрын эзэн болжээ. 
Залуу орчуулагч Ч.Болортуяа Францын яруу найрагч Пол Элюарын “Эрх чөлөө”, Альфред дө Мюссетын “Уй гашуу”, Пол Вэрлайны “Зүрх сэтгэлд минь бороо орж байна”, “Чи шаргал үст үү, хар үст үү? шүлгээрээ гутгаар байр эзэлжээ.
Тусгай байрын шагналыг орчуулагч С.Оюунбилиг /япон/, орчуулагч М.Амартайван /солонгос/, МУИС-ийн оюутан О.Гэрэлмаа /хятад/, Б.Энхтүшиг /англи/, ХИС-ийн оюутан О.Тулга /франц, орос/ нар тус тус хүртсэн байна. Шагналыг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр гардуулж, залуу орчуулагч нарт ажлын их амжилт хүсчээ.
Дашрамд дуулгахад, утга зохиолын орчуулгад сонирхолтой хүмүүст зориулсан Монголын Орчуулагчдын Эвлэл хэмээх фэйсбүүк групп нээгджээ.
Мөн шагнал гардуулах үеэр дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарласан байна.
Уралдааны зорилго
Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болохоос гадна урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байх шаардлагатай.
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 100.000 төгрөг
Тусгай шагнал- 3. Өргөмжлөл, сонгодог зохиолын дээжис
Уралдааны шалгаруулалтын талаар 2014 оны 09 сарын 20-ны дотор нийтэд зарлана. Уралдааны дүнг МОЭ-ийн мэдээллийн түнш-Монголын Сайтын Холбооны гишүүн сайтаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” номыг эрхлэн гаргаж уншигч олны хүртээл болгоно.
Хөрвүүлсэн бүтээлийг 2014 оны 06 сарын 10-наас 2014 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд МОЭ-ийн байр, мөн mongol.translators @gmail.com цахим хаягаар хүлээж авна. Харилцах утас: 9477-7950
СЭТГЭГДЭЛ БИЧИХ