Хүүхдээ хэт таргалуулсан эцэг, эхийг баривчилжээ

11 настай сурагч хүүгийн эцэг, эхийг хүүхдийнхээ эрүүл мэндэд зохих ёсоор санаа тавьсангүй хэмээн буруутгаж байна
Британийн цагдаа нар хэт илүүдэл жинтэй болсон жаал хүүгийн эцэг, эхийг баривчилж, тэднийг хүүдээ хангалттай анхаарал халамж тавиагүй, түүнд тоомжиргүй хандсан хэмээн буруутгасан талаар Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
Хүүгийн эцэг эхээс байцаалт авсны дараа 49 настай эцэг, 44 настай эхийг нь барьцаагаар сулласныг мэдээлж байна.
Нэрийг нь хэлэхгүй байгаа 11 настай жаал хүү метр хагасын өндөртэй атлаа 95,2 килограмм жинтэй ажээ. Ингэснээр түүний биеийн жингийн индекс 41,8 пунктэд хүрсэн нь “клиникийн хүнд тохиолдолд” тооцогддог байна. Сүүлийн саруудад сургууль нь жаал хүүг шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хоёр ч удаа явуулжээ.
Түүний эцэг, эх хоёрыг гуравдугаар сард саатуулсан байна. 1993 оны хүүхэд хамгаалах тусгай хуулийн дагуу ийнхүү баривчилсныг дөнгөж сая л мэдээлжээ. Эцэг, эх хүүхийнхээ эрүү мэндийг ажиглаж байх үүрэгтэй гэж уг хуулийн нэг зүйлд заасан байдаг байна.
“Хүүхэд илүүдэл жинтэй болсон зэрэг тийм эмзэг асуудлын тухай яриа гарахад, хүүхдийг хүчирхийлэхтэй тэмцэх тусгай албаныхан, эрүүл мэнд, нийгмийн хангамжийн системийн төлөөлөгчид мөрдөн шалгах ажилд оролцдог” гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч хэлжээ.
Харин эцэг, эх нь хүүгийнхээ илүүдэл жинтэй болсны шууд буруутан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа ажээ. “Бид хөдөлгөөнтэй байхыг шаарддаг, компьютерийн интерактив тоглоомоор тоглохыг дэмждэг байсан” гэж хүүгийн эцэг хэлсэн байна. Ингэхдээ хүүгийн илүүдэл жин нь “амьдралын хэв маягаас биш, харин генийн удамшлаас үүдэлтэй” хэмээн тэр бас дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ