Порошенко Оросыг гэсгээхийг шаардав

Украины ерөнхийлөгч Петр Порошенко энэ жил Украинд болсон хэрэг явдлын төлөөсөнд Оросыг гэсгээхийг хүсч байна. Тэр албан тушаалдаа тангарагаа аорсныхоо дараа “Тайм” сэтгүүлд өгсөн анхны ярилцлагадаа ингэж дурдсан байна.
Оросын хувьд аятайхан хөрш байх бодолгүй байгаагаа тэр бас тэмдэглэжээ. Гэхдээ бий болсон нөхцөл байдлыг Оросын засгийн газартай хэлэлцээ хийх замаар л шийдвэрлэх боломжтой гэж тэр хэлсэн байна.
“Зарим украин хүн Швед юмуу Канадын хөрш байхыг хүсч байж болох, гэтэл бидний хөрш бол Орос улс. Тиймээс бид Оростой яриа хэлцээ хийж, харилцан ойлгохгүйгээр баттай аюулгүй байдлын тухай ярих аргагүй” гэж Украины ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
Тэр тангараг өргөмөгцөө Украинд суугаа Оросын элчин сайд Михаил Зурабовтай уулзжээ. Хоёр талын байр суурь ялгаатай хэвээр байгаа ч, Порошенко Оростой хэвийн харилцаа сэргээнэ хэмээн найдаж байна. Гэхдээ манай орны тухай оросын удирдагчийн бодол санаа надад сонин биш гэж Украины ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Порошенко Украин өнөөгийн хил хязгаарынхаа хүрээнд оршин тогтнох эрхтэйг Владимир Путинд ойлгуулах шаардлагатай нөхцөлд тус орны зэвсэгт хүчнийг бэхжүүлж, эдийн засгийг хөгжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд өрнөдийн түншүүд дэмжинэ хэмээн тэрээр найдаж байна.
“Энэ нь тагнуулын технологиос аваад, цэргийн технологи хүртэл, манай агаарын орон зайг хаахаас аваад, тэнгисээр бүслэлт тогтоох хүртэл ямар ч хэлбэрийн тусламж байж болно” гэж Порошенко хэлжээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ