БОНХЯ “Байгаль орчны салбарын жендэр"-ийн стратеги баталлаа

Жендэрийн стратегийн үндэслэл ба хүрээ

Монгол улсын байгаль орчны салбарын жендэрийн стратеги нь үндэсний болон олон улсын түвшинд зөвшөөрөгдөн батлагдсан дараах эрх зүй, бодлогын хүрээ болон баримтын судалгаанд үндэслэсэн болно. Үүнд:

Рио де Жанейрод хуралдсан дээд хэмжээний уулзалтын (Rio+20) “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичигт тогтвортой хөгжлийг дэмжих ажилд улс орнуудын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг шинэчлэн баталж, улмаар жендэрийн тэгш оролцоог урамшуулан дэмжихийг уриалжээ. Энэ баримт бичигт байгалийн нөөцийн доройтол ба цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд жендэрийн тэгш оролцоог ханган, эмэгтэйчүүдийг [ногоон] эдийн засагт бүрэн оролцуулан, нөөцийг зохистой хуваарилах замаар тогтвортой хөгжлийн үндэсний чадавхийг дээшлүүлэх шаардлагатайг заажээ.

Биологийн олон янз байдлын тухай конвенци (CBD)-д жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжиж, конвенцийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Айчи-гийн зорилтууд, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, хөгжүүлэх стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрт (2011-2020) жендэрийн асуудлыг тодорхой тусгах чиглэл өгөгджээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенци (UNCCD)-д хөдөөгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэн байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалтыг сайжруулан, эко-системийн үйлчилгээг дэмжиж, тэгш оролцоог ханган улмаар технологи дамжуулах ур чадвар, чадавхийг дээшлүүлэх шаардлагатай гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын конвенци (UN FCCC)-д жендэрийн тэгш байдалд чиглэсэн системтэй сургалт зохион байгуулж, түншлэлийг хөхүүлэн дэмжихийг уриалжээ.

Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас дэвшүүлэн баталсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (Beijing+20)-т тэргүүлэх 12 асуудлын хүрээг тодорхойлсоны нэг нь “К- Эмэгтэйчүүд ба хүрээлэн буй байгаль орчин”-ы асуудал билээ. Тус баримт бичигт төр засаг, нутгийн захиргаад, төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд зориулсан стратеги, арга хэмжээг санал болгон эко-системийн хамгаалалт болон тогтвортой хөгжлийн стратеги, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэгш оролцуулан, мониторингийн зохистой механизмыг бүрдүүлж, байгаль орчны салбарын бодлогын жендэрийн нөлөөллийг үе шаттай үнэлэх тогтолцоог буй болгох шаардлагатай гэж заасан байдаг.

УИХ-аарбатлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “… амьтан, ургамлыг хамгаалах, тарималжуулах, нөхөн сэргээх, хяналт-шинжилгээ хийх ажилд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулах зарчим баримтална” гэж заажээ.

Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги (2012-2016), мөн БОНХЯ-аас шинээр боловсруулж буй Ногоон хөгжлийн бодлого нь дээрх олон улсын болон үндэсний баримт бичгүүдийн заалтыг Монгол улсад хэрэгжүүлэх үндэсний эрх зүйн орчин, бодлогын үндэс болж байна.

Байгаль орчны салбарын жендэрийн стратеги боловсруулах баг нь Германы хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр 2014 оны 3-5 дугаар саруудад Монгол улсын байгаль орчны салбарын жендэрийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор баримтын судалгаа хийж, тодорхой асуудлуудын хүрээнд (уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, ой, ус) сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, салбарын бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авсан билээ. Эдгээр ажил нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг салбарын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах боломж, саад бэрхшээлийг тодорхойлох, орон нутагт болон салбарын үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдэд жендэрийн стратегийг нийцүүлэн хэрэгжүүлэх арга замыг илрүүлэх үндэс болсон.

Стратегийн баримт бичгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг яамны сайтад бүрэн эхээр нь тавилаа.

Эх сурвалж: Яамны Жендэрийн салбар зөвлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ