Их хотын золбин ноход


Улаанбаатар хотын золбин ноход нийслэлийн иргэдээс заримдаа илүү эрх дарх эдэлж байна. Эзэнгүй ноход хаа дуртай газраараа зам хөндлөн шогшиж, оффисын гоёмсог барилгуудын шатан дээр зүүрмэглэж, зүлгэн дээр ноцолдож, хогийн сав онгичин хог тараана. Бүр Чингисийн талбайд ялгадсаа гаргаж, хөшөөруу сарьж, олны мөр дээр адгуусны хүслээ хангана гээч. Ялангуяа гэр хорооллын шинэ төлөвлөлтийн дагуу газар чөлөөлж эхэлснээс хойш айлуудын нүүдлээс хаягдаж, үзгүйрсэн буйран дээр үлдсэн ноход яс уяанаасаа салж санаа амарсных ч юм уу, эсвэл өлссөндөө олны хөл бараадах болж. Эдний дунд урдуураа улаан хөлтэй юм алхуулдаггүй байсан ярдаг, урдаг нь ч цөөнгүй.
Өглөө болгон миний явах замд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын тавдугаар сургуулийн үүдээр хүүхдүүдийн дунд сүрэг ноход гүйлдэж байх нь тааралддаг. Саваагүй багачууд нэгнийх нь уурыг хүргэвэл тэд боорлож ч магадгүй. Ийм тохиолдол өмнө нь зөндөө л гарч байсан. Золбин нохдоор дамжин тархах халдварт өвчин хамуунаас эхлээд олон бий. Хүүхэд, нохой холилдон наадах нь цаанаа ямар уршигтайг хэлүүлэх юун. Нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийн айл болгон биш юмаа гэхэд хашаа болгон нохойтой. Одоо Баянзүрх дүүрэгт л гэхэд хэд хэдэн хороонд газар чөлөөлөх ажил ид өрнөж, золбин ноход шиг элбэг юм алга. Өлссөн ноход үдэш оройн цагаар хүн дайрч урсан тохиолдол эндхийн 14 дүгээр хороонд сүүлийн өдрүүдэд тав гарлаа. Хариуцлага тооцох эзэнгүй учраас хохирогчийн хохь нь болоод өнгөрөв. Хорооны засаг захиргааны ажилтнууд нохойд байтугай хүндээ хүрч үйлчилж бүрэн чадахгүй байгаа юм чинь.
Хотын захирагчийн албанаас золбин нохдыг устгах арга хэмжээ авч байна л дээ. Гэхдээ хүн хүч хүрэлцэхгүй, нохой алахыг цээрлэдэг монголчуудын хувьд ханцуй шамлан дайраад байх хүн ховор. Тэгээд хөлс мөнгө нь олигтой биш хойно. Тоон дотор үсэг цохиж явах чинь юу вэ гэгчээр золбин сүрэг дотор ганц хоёр эзэнтэй нохой буудуулчихвал бөөн хэл ам болно. Ийм л байнгын хэрүүлтэй ажлаас ажилчид нь ч хүртэл залхжээ. Золбин нохдын тоо ойролцоогоор хэдэн арван мянгад хүрнэ.
Уг нь ерээд оны эхээр нохой алах даалгавар өгдөг, арьсыг нь авдаг, тэр ч байтугай Хойд Солонгост гаргахаар зориуд бэлтгэж байлаа. Тэр үед хотын захиргааны мэдэлд байсан “Нөөц” компанийн анчид алсан нохойныхоо хоншоорыг авч давслаад цалин хөлсөө бодуулдаг байсан юм. Иргэдийн дуудлагаар очиж үйлчилдэг ч байв. Эрх нь дэндсэн иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг цэгцлэхэд хууль эрх зүйн орчин дутмаг байдаг юмаа гэхэд золбин нохдынхоо тоо толгойг цөөлөхөд хуулийн хязгаарлалт лав байхгүй. Одоо манай эмнэлгүүдэд нохойд хазуулсан хүнд хийдэг тариа алга. Яваандаа хулгай, танхайн хэргийн зэрэгцээ золбин нохдын тарьсан гай мундахгүй болох нь байна шүү. Өнгөрсөн жил Мексикийн Мехико хотын цэцэрлэгт хүрээлэнд золбин ноход ээж, хүү хоёрыг барьсан тохиолдол гарч, эрх баригчдыгаа түргэн авахуулж байсныг мэдээллийн сайтуудад бичсэн байж билээ. Энэ гашуун явдал манайд тохиолдохыг байг гэхгүй. Ялангуяа зуны улиралд хөнгөн нимгэн хувцастай явдаг хүүхэд багачууд, охид бүсгүйчүүд бүр ч болгоомжлууштай.
Нохойг алахдаа гол нь бус. Арьс нь ноолуур сайтай учраас монголчууд дах, дэгтий хийж, өвлийн гутал доторлодог. Энэ аргаараа ашиглавал малчдаас эхлээд худалдаж авах хүн захаас аван бий. Чанартай, чамин гар хийцийн ийм бүтээгдэхүүн нэгэн төрлийн брэнд ч болж чадна. Цаашилбал нохойн мах сүрьеэ өвчнийг анагаахад тустай гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй, харин ч сэмхэн хэрэглэдэг нь нууц биш. Үүнийг шинжлэх ухааны үндэстэй ном журмынх нь дагуу яагаад хэрэглэж болохгүй гэж. Монгол банхрыг үржүүлж болоод байхад нохой л болсон юм хойно золбин нохдыг ч гэсэн зоосны нүхээр харвал эдийн засгийн үр өгөөж нь чамлахааргүй гарна. Солонгосчууд зоогийн газартаа нохойн мах хэрэглэж, вьетнамчууд шарсан нохойн махыг шар айргаар даруулан наргидаг. Ажилгүй хүмүүст золбин нохойг зохион байгуулалттайгаар ашиглаж бизнес болгох эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл “нохойчин” мэргэжил ч бий болох юм биш үү. Ер нь Улаанбаатар хот хэдэн нохойтой вэ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ