Блюз Монголд жараад онд нэвтэрсэн

Блюз бол XIX зууны сүүлчээр АНУ-ын өмнөд мужийн хар арьстуудын дунд үүссэн хөгжмийн урсгал юм. Африкаас хөлөг онгоцонд ачигдан ирж, хөвөнгийн талбайд боолын хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж байсан тэд төрөлх нутаг орноо санагалзан, хүний нутгийн хар бараан амьдралыг хөгжимтэй сүлэн дуулсан нь “blue” буюу гуниг хэмээх утгатай үгээс язгуурлаж ийн нэршжээ. Ажилчин гаралтай нийгмийн доод давхаргын хүмүүсийн дунд блюзын авъяастнууд элбэг.

Энэ урсгал хөгжмийн зэмсэг, дууны үгээсээ хамаарч тодорхой хэлбэрт хуваагддаг. Хөдөөний буюу кантри блюз нь “Delta”, “Piedmont”, “Texas”, харин хотын блюз “Chicago”, “West Coast” хэмээн салбарлажээ. Хотын блюз хөгжихөд Чикаго хотын “Chess Records”хамгийн их хувь нэмэр оруулсан байдаг. Блюз дэлхийн хоёрдугаар дайны дараа акустикаас электрон хэлбэрт шилжсэн нь сонсогчдын дунд хүрээгээ тэлж, тэр тусмаа цагаан арьстнуудын дунд тархжээ. Сүүлд холимог хувилбар болох блюз-рок 1960, 1970-аад онд бий болон хөгжсөн.

Дэлхий нийтэд нэгэнт танигдсанэнэ урсгал XXзууны дунд үеэс орж ирсэн гэж үзэх нь бий. Одоо дуучин Г.Ганхүү, Н.Ганхуяг нарын блюзын талаарх амттай ярианаас амсуулъя.

Хөтөч: Үүсэл, Блюз Монголд, “Hi Blues!”, Анхны пянз- Дурсамж, Блюзыг зүйрлэвэл...

Г.Г: Америкийн хар арьст боолчууд зовлонгоо мартахын тулд Африкийн хэмнэл шингээсэн харилцаа дуу дуулдаг байсан нь блюзын эхлэл байв. Ийнхүү явсаар XX зууны эхэнд блюз гэх нэр томъёо албан ёсоор бий болсон байдаг. Анхдагчууд болох Jessy, Robert Johnson, мөн монголчуудын хамгийн сайн мэдэх Chuck Berry, B.B King, Aretha Franklin зэрэг блюзын томоохон төлөөлөл болсон авъяаслаг хүмүүс олон бий.

Н.Г: Блюзыг америк ардын хөгжим хэмээн хэлж болох үндэстэй. Банзан гитар, банжо, ардын хөгжмийн зэмсгийг гол төлөв ашигладаг ч ихэвчлэн гитарын аялгуунд уйтгар гунигаа дуулдаг нь хэвээр хадгалагдан үлджээ. Блюз хөгжим хэмжээний хувьд 12 айзам (такт)-тай байдгаараа онцлогтой. Мөн хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг богино шүлгээр олон давтах маягаар илэрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд үгийг дөрөв дахин хэлснээр нэг бадаг бүрдэх жишээтэй.

Г.Г: 1930, 1940-өөд оноос хөгжим эрчимтэй хөгжихийн хэрээр хөгжмийн зэмсэгт өөрчлөлт орж, электрон хэлбэрт шилжсэн нь Ритм’н’Блюз үүсэх хөрс болсон байдаг. Энэ үед хүмүүс Ритм’н’Блюзыг илүүтэй сонирхох болсноос улбаалан Рок’н’Ролл гэх урсгал мөн үүссэн.

Н.Г: Тиймээ, уг урсгалын элемент жаззаас гадна Рок’н’Ролл, Рок гээд олон чиглэлийн урсгалд шингэсэн байдаг. Домогт “Rolling Stones”-д хамгийн их нөлөөлсөн нь энэ л блюз юм.Блюзмэнүүд байгалиас заяасан мэдрэмжээрээ арга барилаа хөгжүүлсэн байдаг тул гоцлол гитар тоглож байгаа нь онцгой, дуугаралт нь маш сонирхолтой. Блюзыг орчин цагийн “буцалгаж болгосон” поп, роктой харьцуулан зүйрлэвээс түүхий махтай адилтгаж болно.

Г.Г: Сайн ноён хан Намнансүрэнг1914 онд хаант Орост айлчлах үед Санкт Петербургийн их бууны сургууль дээр цэргийн хөгжим эгшиглүүлэн угтаж авсан байдаг. Үүнээс үүдэн Монголдоо ийм хөгжимтэй болохыг хүсч байгаа тухайгаа Оросын талд илэрхийлж, түүний хүсэлтийг ч хүлээн авч, 8-10 хүн хөгжимдөх үлээвэр хөгжмийн гуулин зэмсэг бэлэглэснийг эх орондоо авчирчээ. Эндээс л манай орны хөгжмийн түүх эхэлсэн гэж болно. Гэхдээ блюз, жазз бол үүнээс нэлээд хожуу буюу 1960-аад оноос циркт дагшаа найрал хөгжим тоглосноорбий болсон.

Н.Г:Би анх блюзыг “Rolling Stones”, “The Beatles”-ийн үеэс пянзаар сонсч эхэлсэн. Тухайн үед пянзнаас өөр сонсох зүйл ч байсангүй. Тэгэхэд минутад 45 эргэлддэг “45-ын” гэх пянз их гардаг байлаа. Пянз тоглуулдаг компаниудаас “Victrola” компани толгой цохидог байснаас манайхан “бягтруул” хэмээн монголчлон нэрлэжээ.Гадаадад ЭСЯ-нд ажиллаж байсан хүмүүсийн хүүхдүүд ирэхдээ пянз авчирч, өөр хоорондоо солилцожсонсдог байсан нь 1960-аад оноос эхтэй. Би анх “Битлз”-ийг сонсоод ёстой л шоконд орсон доо. Хэрэв пянзтай болчихвол дамартай магнитофонд заавал бичиж авах гэж бөөн юм болдог байлаа.

Г.Г: Миний хувьд анх Chuck Berry-тэй “танилцсанаар” блюз сонсч байлаа. Ер нь “Pink Floyd”, “Deep Purple” зэрэг ихэнх рокер Chuck Berry-г сонсдог байсан юм билээ. Тэр бол блюзын хамгийн том төлөөлөгч, гайхамшигтай гитарчин, дуучин хүн юм. “The Beatles”-ийн “Hard Day’s night” гэх анхны пянзыг 1980 онд зургадугаар ангид байхдаа зах дээрээс худалдаж авч байлаа. Бүр 180 төгрөгөөр авч байсан санагдана.

Х.Цолмон

Эх сурвалж: “Forbes Mongolia” сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ