"Та нар Украинд ялагдал хүлээсэн"

Германы Бундестагийн депутат Сара Вагенкнехт германы канцлер Ангела Меркелийг Украмны хэрэг явдлын бодит байдлын талаар германы иргэдэд худал ярьсан гэж зэмлэжээ.

Германы Зүүний намын (Die Linke) орлогч дарга Сара Вагенкнехт парламентад саяхан үг хэлэхдээ, Украинд болсон улс төр, нийгмийн хямралын талаар тус орны засгийн газрын баримтлаж буй байр суурийг эрс шүүмжилсэн байна.

Тэр Германы канцлер Ангела Меркель, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нарт хандаж хэлэхдээ, германы эрх баригчид Украинд болж буй хэрэг явдлын бодит баримтыг мушгин гуйвуулж, түүнчлэн энгийн иргэдийн амь насыг бүрэлгэхэд хүргэсэн бөгөөд хүмүүнлэгийн сүйрэлд хүргэх аюултай Украины зүүн нутаг дахь “террорын эсрэг ажиллагаа” гэгч үргэлжилж буй нөхцөлд жишим ч үгүй сууж байна гэж зэмлэжээ.

“Украинд Европ нэгэнт ялагдал хүлээгээд байна. Энэ орон иргэний цуст дайны хөлд хөглөрчээ. Германы засгийн газар ардчилал, эрх чөлөө, Европын төлөө тэмцэж байсан тэр хүчин, олигархууд, ядуурал, авилгын эсрэг хүмүүсийг дэмжихийг хүсч байна хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр та нар еврей, оросуудын эсрэг илэрхий тэмцэж буй үндсэрхэг үзэлт намын дөрвөн сайд ажиллаж буй засгийн газрыг нь дэмжиж байна. Энэ мөргөлдөөнийг жинхэнэ ёсоор дэгдээсэн энэ засгийн газар өнөөдөр ард түмнийхээ эсрэг аймшигт дайн хийж байна.

Украины шинэ ерөнхийлөгч мөргөлдөөнийг шатлан өргөжиж буйг зогсоохыг ч оролдохгүй байна. Тэр яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна, тэр цэргийн аймшигт хүч хэрэглэхийг хүсч байна. Тиймээс хатагтай Меркель, ноён Штайнмайер та хоёр Украинд та нарын ардчилал нурж унасны дараа, хэрвээ та нар хариуцлагатай гадаад бодлогод эргэж орохыг хүсч байгаа бол, ард түмнийхээ эсрэг дайныг нь зогсоолгож, яриа хэлэлцээ хийх, эвлэрэл тогтоох зам нээхийн тулд Порошенкод шахалт үзүүл” гэж Германы Зүүний намын орлогч дарга онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ