Оросын сэтгүүлчдийг хөнөөснийг НҮБ-аас буруушаав

Украинд оросын сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушаав. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ингэж мэдээлжээ. Аюулгүйн Зөвлөл энэ гэмт хэргийн эздийг хариуцлагад татахыг бас уриалсныг телевизийн “Россия 24” суваг дурдсан байна.
Зургаадугаар сарын 17-нд Бүх Оросын телевиз-радиогийн хорооны гурван ажилтан, сурвалжлагч Игорь Корнелюк, дүрс бичлэгийн инженер Антон Волошин, зураглаач Виктор Денисов нар Луганск хотын ойролцоо минометын буудлагад өртжээ. Хүнд шархадсан Игорь Корнелюк эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна.
Сүүлчийн агшин хүртэл сураггүй болсонд тооцогдож байсан Антон Волошин мөн амь үрэгдсэнийг тэр өдрийн орой нотложээ. Зургийн бүлгээс зуун метрийн зайд байсан Виктор Денисов буудлагад өртөөгүй байна. Тэд "СМИ” (Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл – ред.,) гэсэн бичиг бүхий таних тэмдэгтэй явжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины тэргүүн Петр Порошенкотой утсаар ярьжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж мэдээлсэн байна.
Луганск хотын хавьд сэтгүүлчид эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнд сэтгэл зовинож байгаагаа Путин илэрхийлээд, Украины мөргөлдөөний бүсэд ажиллаж буй олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна гэж мэдэгджээ. Петр Порошенко оросын сэтгүүлчид амь үрэгдсэнд харамсал илэрхийлээд, миний зааврын дагуу зохих мөрдөн шалгалт явуулна гэж Путинд батлан илэрхийсэн байна. Хоёр ерөнхийлөгч Украины зүүн өмнө зүгийн байлдааны ажиллагаа болж буй нутагт гал зогсоож болох асуудлыг бас хөндөж ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ