Гурван эмэгтэйг хулгайлсан этгээдийг яллагдагчаар татжээ

Арав орчим жилийн өмнө Кливленд хотод (Огайо муж улс) гурван охин хулгайлж, түүнээс хойш гэртээ хүчээр байлгасан хэмээн сэжиглэгдэж буй 52 настай Ариэль Кастрог АНУ-ын шүүх яллагдагчаар татжээ.
Харин Ариэлийн ах 54 настай Педро, дүү 50 настай Онил нарыг яллагдагчаар татаагүй байна. Гэсэн ч тэднийг одоогоор урьдчилан хориод байгаа юм. “Педро, Онил нар охид хулгайлахад оролцсон бөгөөд болсон явдлыг мэдэж байсан гэх үндэслэл бидэнд байхгүй” гэж Кливленд хотын прокурорын байгууллагын төлөөлөгч хэлжээ.
Сургуулийн автобусны жолооч асан Ариэль Кастро гурван охин Аманда Берри, Жина Дехесус, Мишель Найт нарыг хулгайлан, хүчирхийлж байсан хэмээн сэжиглэгджээ. Энэ гурван бүсгүй 2002-2004 онд алга болсон бөгөөд тусламж хүсэн Берри хашигарахыг хөршүүд нь сонссоны дараа өнгөрсөн даваа гарагт суллан тавьжээ.
27 настай Берри, 23 настай Дехесус нар лхагва гарагт гэртээ харьж, харин 32 настай Найтли одоогоор эмнэлэгт хүргэгджээ. Берри, Дехесус хоёрын аль аль нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Берри бусдын эрхшээлд байхдаа төрүүлсэн зургаан настай охин Жослины хамт дүүгийнхээ гэрт иржээ.
Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар, гурван хохирогч бэлгийн хүчирхийлэлд өртөж, зодуулж байсан аж. Наад зах нь бүсгүйдийн нэг нь хэд хэдэн удаа зулбажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ