Колумб ялагдашгүй байна

Өнгөрсөн шөнийн эхний тоглолт Колумби, Зааны ясан эрэг улсуудын шигшээ багийн хооронд болов. C хэсэгт нэг нэг хожилтой тэргүүлж явсан хоёр багийн тоглолт эхний хагаст гоолгүй өндөрлөсөн ч 64 дэх минутад Колумбийн Хамес Родригес, 70 дахь минутад Хуан Квинтера тус тус гоол оруулснаар тооны харьцаа 2:0 болж ирэв.

Үндэсний баатар болсон довтлогч Радамель Фалкаогоо гэмтлийн улмаас алдаад байсан Колумбийн шигшээ өөрсдийн хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсаа итгэл төгс бичиж байлаа. Тоглолтын хоёр дахь гоолоос гуравхан минутын дараа Зааны ясан эргийн гайхалтай тоглогчдын нэг Жервиньо Колумбын шигшээгийн хаалганд үнэхээр ур чадвар шаардсан довтолгоо хийж гоолын бөмбөг шигтгэснээр тооны харьцаа 2:1 болсон ч үлдсэн цагт нөхцөл байдлыг өөрчилж чадалгүй байсаар цаг дууссан юм.

Ингэснээр хэсгийн эхний тоглолтод Грекийг 3:0-ээр хожиж энэ ДАШТ-ий гол битүү морь болохоо харуулж чадсан колумбичууд хүчирхэг Кот Дивуарчуудыг 2:1-ээр буулган хоёр дахь хожлоо авч хэсгээ хожигдолгүй итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Хэсгийн сүүлийн учраа болох Японы шигшээтэй ирэх мягмар гаригийн шөнө буюу 25-ны 04.00 цагаас тоглоно. Харин Зааны ясан эргийн шигшээ багийн хувьд нэг хожил, нэг хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өмнөх тоглолтдоо Японыг хожиж чадсан тэдний хувьд үлдсэн тоглолт болох Грекийг аргалчихад л хэсгээсээ гарч дараагийн шатанд шалгарах боломжтой юм. Тиймээс Кот Дивуарчуудад боломж бий.

Харин хэсгээсээ хоёроор гарч чадсанаар тэдний хувьд D хэсгээс нэгээр гарсан багтай учраа таарна. Одоогоор D хэсэгт Англиас бусад багууд болох Итали, Уругвай, Коста Рикагийн шигшээ 3 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ