Англичуудын найдварыг Суарес үгүй хийв

Өнгөрсөн шөнийн хоёр дахь тоглолт нь 1966 оны ДАШТ-ий аварга Англи 1930, 1950 оны ДАШТ-ий аварга Уругвайн тоглолт байлаа.
D хэсэг буюу үхлийн хэсэгт учраа таарсан хоёр багийн тоглолт эхнээсээ л эн тэнцүү эхэлсэн. Харамсалтай нь тоглолтын сүүлийг сайн хийдэг гэгддэг англичуудыг энэ удаад хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь ивээсэнгүй. 34 дэх минутад Эдинсон Каванигийн дамжуулалтаар Луис Суарес нэгэн гоёмсог гоол оруулснаар эхний хагаст уругвайчууд 1:0-ээр давамгайлж эхэлсэн.
Улмаар англичуудын удаан хүлээж байсан гоолыг 75 дахь минутад Глен Жонсоны хөлөөс ирсэн дамжуулалтаар Уэйн Рүүни Уругвайн шигшээ багийн хаалганд хийснээр тооны харьцаа 1:1 болов.
Одоо л нэг Рүүни хэргээ гаргаж эхлэх нь гэтэл үгүй байлаа. Эцсийн мөчид буюу 85 дахь минутад Эдинсон Каванитай бөмбөгийн төлөө тэмцэлдэж байхдаа Английн багийн ахлагч Стивен Жеррард бөмбөгөө Луис Суарес руу мөргөж орхисон нь гоолын дамжуулалт болж Премьер лигийн мэргэн бууч ч алдсангүй. Ингээд тоглолтын тооны харьцаа 2:1-ээр өндөрлөж англичууд хэсгийн эхний хоёр тоглолтдоо дараалан хожигдол хүлээлээ.
Английн Премьер лигт амжилттай тоглож байгаа уругвай довтлогч англичуудынхаа эсрэг хоёр гоол ийнхүү оруулж энэ удаагийн дэлхийн аваргад оролцох замналынх нь эцсийн цэгийг хатгаж орхилоо.
Ингэснээр үхлийн гэгдэх D хэсгийн Англиас бусад багууд болох Итали, Уругвай, Коста Рикагийн шигшээ 3 оноо нэг нэг хожилтой болж байна. Англи ганцаараа хоёр хожигдолтой 0 оноотой. Тиймээс тэдний хувьд хэсгээсээ шалгарах магадлал бараг байхгүй. Цорын ганц боломж байгаа нь Италийн шигшээ Уругвай, Коста Рикаг хожиж хэсгээ 9 оноотой хожигдолгүй тэргүүлж, харин англичууд Коста Рикаг олон онооны зөрүүгээр хожих. Хэрэв тэгж чадвал Англи, Коста Рика, Уругвайн шигшээд бүгд нэг нэг хожилтой, 3 оноотой болж бөмбөг тоолон хэсгээс гарах хоёр дахь багаа тодруулах юм. Харамсалтай нь энэ байдлаар Английн шигшээд тийм боломж бараг л үгүй байна.
Уругвайчууд ч Италид тийм амар дийлдэхгүй, Уругвайгаа хожсон Коста Рика ч Италитай ширүүн тоглоно. Магадгүй энэ нь англичуудын хувьд энэ удаагийн ДАШТ өндөрлөж байна гэдгийг сануулж байх шиг.
Үргэлж л түрүүлэх магадлалтай баг гэгддэг Английн шигшээ энэ ДАШТ-д ч гэсэн тийм л тодотголтой ирсэн. Залуу тоглогчдоор хүч сэлбэж, тун давгүй тоглолт үзүүлж буй тэднийг ирээдүйн аваргууд гэх. Харамсалтай нь үе үеийн шигшээд нь дутдаг аз энэ удаа ч мөн тойрчихов бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ