Төрд тэрсэлсэн төрийн бус байгууллагууд

Монгол Улсын хүн ам 2011 оны тооллогын дүнгээр хоёр сая 811 мянга 600 байлаа. Харин нэг сая 896 мянга 200 нь Улаанбаатарт оршин суудаг ажээ. Тэдний эрх ашгийг янз бүрийн хэлбэрээр хамгаалах, хүсэл сонирхлыг нь нэгтгэх 14 мянга 700 гаруй төрийн бус байгууллага бүртгэгджээ. Эдгээр нь 1997 онд УИХ-аас баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай. Төрийнбус байгууллага гэдэг нь “иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Гэтэл сүүлийн үед төрд тэрсэлсэн төрийн бус байгууллагууд олширч байна. Ялангуяа хийх ажил нь багадсан, хэл ам нь загатнасан зарим нь гоё нэртэй ийм байгууллагын нэр хаяг зүүгээд нийгмийг хагалан бутаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлж, бүтээн байгуулалтад саад тотгор хийх нь элбэг болов. Төрийн бус байгууллага нь угтаа төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын ачаанаас үүрэлцэхийн тулд ажиллах нь нэг талын үүрэг нь баймаар. Мэдээж нөгөөтэйгүүр гишүүд, дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалж таараа.

Гэтэл хотод бол хашааны газраа чөлөөлөхгүй, хөдөөд бол хэдэн малынхаа хойноос хармын сэтгэл өвөрлөн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй хэмээн амин хувиа хичээсэн хэсэг хүн нэгдээд элдэв хөдөлгөөн нэрийн дор үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг хүртэл сөрөн зогсч байна. Ялангуяа ийм үзэгдэл сонгуулийн үеэр борооны дараах мөөг шиг дэлгэрдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн эрхэм гишүүн Д.Арвины командалсан Гэр хорооллын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ТББ нийслэлийн Баянзүрх дүүрэгт байгуулагдсан. Тэд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг мушгин гуйвуулж, иргэдийг газраа чөлөөлөхгүй байхыг өдөөсөн үйл ажиллагаа явуулж байгаад таг чиг болсон. Энэ бол хүмүүсийн аминчхан үзэл бодол дээр тоглосон сонгуулийн жинхэнэ шоу байлаа. Дараа нь Өвөрхангайн тойрог дээр маргаан гарч, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү, АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар ацан шалаанд ороход сонгогчдын эрх ашгийг хамгаалах нэг ТББ-ын нэрээр тус аймгаас ирсэн “хэлгүй, дүлий” хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийж байсан нь ямар ч итгэл үнэмшил төрүүлээгүй. Энэ бол ёстой үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг зуурдын настай ТББ-уудын нэгээхэн жишээ юм.

Газар шороо, уул усныхаа төлөө гэсэн уриа бүхий сүржин нэртэй даржин ТББ олон бий. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Дорноговь аймагт ураны хайгуул хийж байгаа Францын “Арево” компанийн үйл ажиллагааг тасалдуулахын төлөө дотроос нь Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, гаднаас нь Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) гэгч орон нутгийн иргэдийн сэтгэхүйгээр даажигнаж байна.Тус аймгийн Улаанбадрах сумын нутагт өвөлжсөн Сайншанд багийн малчин Б.Норовсүрэнгийн хотонд хэдэн тугал учир битүүлгээр үхсэн юм билээ. Үүнийг ураны хөнөөл мэтээр одоо нийгмийг цочроосоор байгаа. Уг нь хайгуулын цооногийн амсар дээр зусаад хоёрхон км-ийн зайтай өвөлжиж байгаа нь малчны малч ухаан мөн үү. Мал нь үхээд байхад морь уяад явчихдаг Б.Норовсүрэн гуайн гол харлаагүй байхад хар хүний төлөө шар хүн гэгчээр мөнөөх зөвлөл, хөдөлгөөнийхөн ч юусан билээ. Энд нэг далд шалтаг байна. Улаанбадрахын ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр залуу хайгуулыг гардан гүйцэтгэж буй “Кожеговь” компаниас сумандаа жаал зугаа юм гуйсан сурагтай. Бүтэхгүй болохоор нь хаа хол Улаанбаатарт байдаг жагсаал цуглаанаар гаршсан гаруудад дуулгаснаар энэ хэрэг хүчээ авч, өдгөө өөрсдийнх нь мэдлээс ч хальжээ. Гэтэл Монгол Улсын төр Цацраг идэвхт бодисын талаар баримтлах бодлогоо боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулиа баталж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх талаар ч тусгасан байгаа. Эдгээр нь зохих судалгааны үндсэн дээр гаргасан шийдвэр болохоос бус хэн нэгний санаанаасаа зохиосон эд биш.

Мөн Энэтхэг, Япон, Франц, Канад зэрэг оронд “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаалыг зохион байгуулсан гадаадын “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” нь Монголд энэ хавар жагсаал хийсэн нь цөмийн энергийн салбарт өрсөлдөж буй ямар нэг улсын гар хөл болсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд чехүүд олон жил саад хийсэн шиг “Арево”-г Монголоос хөөж, оронд нь орж ирэхийг санаархагчид байж мэднэ. Даяаршлыг далимдуулан дотоодын ТББ-уудыг нь гадаад орнуудаас санхүүжүүлж, төр засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг жишиг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, Арабын хаврын жишээнээс харж болно. Иймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аливаа ТББ гадаадаас санхүүжилт авахыг хориглосон хууль санаачлан батлуулж, ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа явцад Оросын ТББ-уудыг санхүүжүүлсэн Германы талын хөрөнгө оруулалтынг шалгах асуудлыг сөхөж тавьсан билээ. Иймээс цөөхөн монголчууд бид дан ганц “тамын тогоон дотроо” сэтгэж болохгүй нь ээ.

Төрийн бус байгуулага бол ашгийн төлөө бус ажиллах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд татвараа нуун дарагдуулахын тулд дэргэдээ элдэв буяны зүстэй ТББ байгуулаад бусармаг ажиллагаагаа нуун дарагдуулж эхэлсэн нь нууц биш. Ганц нэгхэн хувь хүн, компанийн ашиг сонирхлын тулд үйлчлэх учиргүй. ТББ-ын сайн удирдахуй нь зохион байгуулалтын, өөрөөр хэлбэл Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хуваарилалт дээр суурилна. Ингэснээр тухайн байгууллагад нэг хүний /эсвэл нэг бүлгийн/ эдлэх эрх мэдэл, тогтоох хяналтыг бууруулж, байгууллага гишүүддээ буюу нийгэмд үйлчлэх үүргээ илүү сайн биелүүлж чадна. Удирдах зөвлөлийн гишүүд тухайн байгууллагын гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалд ажиллах нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас эхлээд захиргааны ажилд хяналт зөв зохистойгоор тавихад ч саад учруулж болно. Түүнчлэн захиргаа, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид ч хөрөнгө мөнгөний болон бусад хардлага сэрдлэгэд байнга өртөх болно. Ийм ч учраас ТББ-ыг сайн удирдахуйгаар хангая гэвэл захиргаа, удирдлага хоёрыг салгаж өгөх хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ