Украинд мөргөлдөгч талууд галаа зогсоолоо

Олон зуун хүн, түүний дотор энгийн номхон оршин суугчид амь нас, бие сэтгэлээрээ хохирсон хоёр сарын зэвсэгт сөргөлдөөний дараа Киевийн эрх баригчид тусгаар тогтнолоо бие даан зарласан Донецк, Луганск улсын зэвсэгт дайчидтай гал зогсоохоор тохиролцож чадлаа. Өмнө нь зарласнаар, гал зогсоох тухай шийдвэр зургадугаар сарын 27-ны өглөөний 10.00 цаг хүртэл үйлчлэх юм.
“Энэ хугацаанд уг горимыг хэрхэн мөрдөж буйд Орос болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зүгээс хяналт хийнэ гэдгийг хэлэхийг хүсч байна. Хоёр талаас гал зогсоох хугацаанд бид мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах хэлэлцээ хийх тухай тохиролцон, зөвлөлдөж болох юм” гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Бородай хэлснийг Russia Today сайтад иш татжээ.
Даваа гаригт Донбассын зэвсэгт дайчид зэвсэг хэрэглээгүй, энэ бол өмнө нь санал болгосон тохиролцоог хэрэг дээрээ биелүүллээ гэсэн үг юм гэж Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс мэдэгдсэн байна. Зургадугаар сарын 23-ны өглөөнөөс 17.00 цаг хүртэл (УБ-ын цагаар 23 цаг – ред.,) буун дуу гараагүй, захиргааны байшин барилгыг эзлэх гэж ородоогүй нь ерөнхийлөгч Петр Порошенкогийн санал болгосон энхийн төлөвлөгөө хэрэгжиж байгаа хэрэг хэмээн үзэж болно гэж тус байгууллагынхан дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ