Германы эрдэмтэн өөрийгөө 150 жил хөлдөөлгөнө

Германы 75 настай эрдэмтэн Клаус Самес өөрийгөө гүн хөлдөөлтийн аргаар хадгалуулах гэж байгаа бөгөөд ийм байдалд биологийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор биеийг хөлдөөдөг байна. “Бильд” сонинд бичсэнээр, профессор Америкийн арилжааны бус “Cryonic Institute” эрдэм шинжилгээний байгууллагатай нэгэнт гэрээнд гарын үсэг зуржээ.Хүн төрөлхтөн хөлдөөсөн эсийг дахин амилуулж сурах хүртэл түүний бие тус байгууллагын тусгай агуулахад байх ажээ.

Самесын биеийг хасах 196 градус хүртэл хөргөхөөр төлөвлөж байна. Тархины үйл ажиллагаа зогссоныг албан ёсоор бүртгэсний дараа эрдэмтний биеийг жижиг мөсөөр дүүргэсэн хайрцагт хийж, АНУ руу тээвэрлэх ажээ. Дараа нь түүнийг “Cryonic Institute” байгууллагын төв байр байдаг Клинтон-Тауншип хотод (Мичиган муж улс) аваачих гэнэ. Энд түүний венийн судаснаас цусыг соруулан авч, оронд нь шингэн азот бүхий хатуурдаг тусгай уусмал хийн хөлдөөх камерт оруулна.

"Би солиороогүй” гэж эрдэмтэн өөрийн шийдвэрийг тайлбарлажээ. Тэр өөрөө хөгшрөлтийн тухай шинжлэх ухаан болох геронтологийг бараг бүхий л амьдралынхаа туршид судласаны зэрэгцээ, гүн хөлдөөх аргыгсудлахад 1995 оноос өөрийгөө бүрэн зориулсан байна. Чухамхүү тиймээс, амьд бие махбодийг хөлдөөх арга ирээдүйтэй гэж тэр үздэг ажээ. “Одоо гүн хөлдөөх аргаар хадгалах технологи эргэлт буцалтгүй шинжтэй болсон, гэхдээ 150 жилийн дараа хүн төрөлхтөн хөлдөөж хадгалсан эсийг гэсгээж сурсан байх нь лав” хэмээн тэр найдаж байна.

Самес “Cryonic Institute” байгууллагад нэгэнт 21 мянган евро төлжээ. Үүнээс гадна, профессор өөрийнх нь биеийг Германаас АНУ руу тээвэрлэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх ёстой болно. Үүнд бас 14 мянган евро шаардагдах ажээ.

Америкийн эрдэмтэн Роберт Эттингерийг гүн хөлдөөх аргыг үндэслэгч гэж үздэг юм. 1962 онд тэр “Үхэлгүй мөнх орших хэтийн төлөв” гэсэн бүтээл нийтлүүлснээр алдаршсан байна. Энэ ном шинжлэх ухааны бүлгийнхэнд мэдэгдэхүйц нөлөөлж, улмаар түүнийг санааг дэмжсэн хөдөлгөөн бүрдэж эхлэжээ.

Одоо өөрийн гэсэн хадгалах төхөөрөмжтэй, энэ салбарын бүрэн үйлчилгээ санал болгодог гүн хөлдөөх гуравхан пүүс байгаа юм. Хоёр нь АНУ-д, нэг нь Орост байдаг. 2013 оны байдлаар, 250 орчим хүн өөрийгөө ийнхүү хөлдөөлгөж хадгалуулжээ.

Одоо шинжлэх ухааны бүлгийн гол хэсэг нь хүн юмуу түүний зарим эрхтнийг хөлдөөх оролдлогод гутрангуй байдлаар ханддаг байна. Тухайлбалнас барсны дараа уураг тархины нейроны холбоос хэдхэн минутын дотор гэмтэж эхэлдэг, биеийн бүх эсийг нэгэн зэрэг хөлдөөх туйлын хэцүү, энэ бүх үйл явц нь бүрэн баталгаагүй мөртлөө их мөнгө шаарддаг гэдгийг дурддаг байна. Уураг тархинд хадгалагдсан мэдээллийг сэргээх боломжтой эсэх тухай таамаглал өнөөгийн шатанд зарчмын хувьд нотлогдоогүй гэж тэд бас үздэг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ