Януковичийн хувь тавилан өөрт нь тохиож болохыг Порошенкод сануулжээ

Украины ерөнхийлөгч Петр Порошенкод өмнөх төрийн тэргүүн Виктор Януковичийн хувь тавилан дахин тохиож болохыг Киев хотын вечед (хуралд) үг хэлсэн Евромайданы идэвхитнүүд сануулжээ. Хэрвээ ерөнхийлөгч Майданы шаардлагыг биелүүлэхгүй бол, ийм явдал болно гэж “Вести.ua” сайтад мэдээлсэн байна.
Идэвхитнүүд тухайлбал, тус орны зүүн нутагт гал зогсоох шийдвэрийг дуусгавар болгож, Донбасст дайны цагийн байдал тогтоон, байлдааны ажиллагаанд оролцогчдод хөнгөлөлт үзүүлж салан тусгаарлагчдыг хиар цохиж Европын холбоотой чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрийг нэн даруй батлахыг шаардаж байгаа ажээ.
Евромайданы талынхан тавьж буй шаардлагаа биелүүлүүлэхийн тулд Дээд Радын байшингийн ойролцоо өдөр бүр эсэргүүцлийн арга хэмжээ зохиох бодолтой байна.
Зургадугаар сарын 28-ны өглөө Украины ерөнхийлөгчийн тамгын газрын байрны ойролцоо болсон цуглаанд “Днепр”, “Айдар” батальоны гишүүд оролцжээ. “Террорын эсрэг ажиллагаа, арми болон ялангуяа хилийн цэргийн удирдлагад олонурвагч байна” хэмээн “Айдар” батальоны захирагч Семен Семенченко хэлсэн байна.
“Европ бидэнд туслахгүй. Бид энэ халдлагыг өөрийн хүчээр л зогсоож чадна”гэж тэр дурджээ. Үүнээс гадна, одоогийн хурал “сүүлчийн тайван хурал” болж мэднэ гэж тэрээр сануулсан байна.
Донбассын нутагт гал зогсоох шийдвэрийг анх зургадугаар сарын 20-нд зарласан юм. Ийм горим зургадугаар сарын 27 хүртэл үйлчилнэ гэж төлөвлөж байв. Гэвч удалгүй гал зогсоох шийдвэрийг зургаадугаар сарын 30 буюу өнөөдрийг хүртэл сунгасан юм. Тийнхүү одоо энэ хугацаа дуусаад байна.
Украины зүүн нутагт зэвсэгт сөргөлдөөн хоёр сар гаруй үргэлжилж байгаа билээ. Мөргөлдөөний үеэр олон зуун хүн, түүний дотор энгийн оршин суугчид амь үрэгдээд байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ