Украинд сэтгүүлчийг тамлаж, байцааж буй бичлэг цацагджээ

Украины зүүн өмнөд нутгийн байлдааны ажиллагааны тухай гэрэл зургийг интернэтэд тавьсан мэдээллийн ANNA агентлагийн ажилтан 16 настай Владислав Александровичийг байцааж байгаа дүрс бичлэг интернэтийн сүлжээнд цацагджээ.

Дүрс бичлэгт хар багтай Украины аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн ажилтан залуу сэтгүүлч болон Донецкийг Украиных гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа салан тусгаарлагчдыг ална хэмээн сүрдүүлжээ. "Бид та нар дээр очно, бүх хүнд хүрэлцэх сум бий” хэмээн тэр хэлж байжээ.

Телевизийн “Россия 24” сувгийн мэдээлснээр, сурвалжлагчийг зургадугаар сарын 25-нд Мариуполь хотод авчирч, дараа нь Запорожье хотод хүргэсэн байна.

Насанд хүрээгүй сэтгүүлчийг Украины аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлд байцаахдаа, эрүүдэж, зодож, алж хядна хэмээн сүрдүүлж, интернэт-хуудасныхаа нууц үгийг хэл хэмээн шаардаж байжээ. Журамт цэргийнхэн болон Украины хүчнийхний төлөөлөгчдийн хооронд удтал хэлэлцээ хийсний эцэст л түүнийг суллуулж чадсан байна.

Залууг тавдугаар сарын 27-нд Запорожье хотод эхэд нь хүлээлгэн өгчээ. Сэтгүүлчдийн холбоо Украинд ажиллаж буй олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын амь насыг даатгахыг санал болгож байна. Мэдээллийн Abkhazian Network News Agency (ANNA) агентлаг Ливи, Сири, Украины тухай дагнан мэдээлдэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ