Нэгэн наадмын зургаан түрүү авч байлаа


Хэнтий аймгийн Галшар сумын наадамд нэгэн жилийн алдарт хар азарганых нь үр төлүүдээс дөрвөн түрүү, найман айраг авч байсан уяач бол Цэнд-Аюушийн Балжинням билээ. Тэр 1936 оны үхэр жилийн өвлийн адаг сарын шинийн 13-нд Буянт сумын Арбулагийн Мухар бууц гэдэг газар мэндэлжээ.
Эцэг Дашнэрэн нь ах Гэндэнгийн хамт хилс хэрэгт гүтгэгдэн баривчлагдаж, бяцхан хүү ээж Цэнд-Аюуш, эмэг эх нарынхаа гар дээр өсчээ. Сумын бага сургууль төгсч, аймгийн дунд сургуульд суралцаж байгаад50-иад оны эхээр ар гэрийн гачигдлаар хөдөө гарч, 1953 оноос багийн санитарчаар 30 төгрөгийн цалинтай ажил хийн ээжийгээ тэжээж эхэлсэн гэдэг.
Дараа нь сумын Захиргааны гар бичээч, Хоршооны тоо бүртгэгч, Сүү, тосны заводын нягтлан, “Буянт-Оргил” нэгдэлд тоо бүртгэгч, бригадын дарга, малчин, хожим 1988-1993 онд шилмэл суурийн адууны хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
Тэрээр нэрт уяач монхор Халтар (Нарангийн) гуайг хурдан адуутай болох, хурдан морь уях эрдэмд сэтгэл харамгүй зааж сургасан багш хэмээн ихэд хүндлэн биширч явдаг. Үнэхээр ч Балжинням хурдан дааганыхаа эзэн болж, цаашид өсгөн үржүүлж, хурдан морины уяа сойлгыг тааруулж чадна гэдгийг ажиглаж мэдсэн хашир уяач, шинжээч маань нарийн нандин арга ухаанаасаазааж өвлүүлсэн нь их. Тэгээд ч энэ эрхэм хүний талаар өөрийн мэдэх зүйлээ малын эмч Р.Ачтайд тэмдэглүүлсэн төдийгүй ийм сайхан алдар цуутай, олон түмэн отог хошуундаа авъяас билгээ үлдээсэн ачтай буурлуудынхаа түүх намтрыг тодруулж, үеийн үед өвлүүлэн мөнхжүүлж яваасай гэсэн хүслээ ч нуусангүй. Балжинням гуай бол морьдынхоо давхил сунгааг тэр болгон бусадтай нийлүүлдэггүй, наадам дээр морь тосдоггүй, дагаж давхиад байдаггүй, майхнаасаа дурандаад л сууж байдаг, ахмад уяачдынхаа ёс жаягийг ихэд эрхэмлэдэг хүн.
Бага залуугаас өндөр Гомбожав, Дашдаваа нарын адууг маллан эмнэг хангал сургаж, зэргэлдээ сумдаар морь малын наймаа хийж, цагаан сар, намын баяр, Майн нэгнээр унаж явсан морио уралдуулан айраг, түрүү авч байсан нь цөөнгүй. Анх монхор Халтар гуай адуунд нь ирсэн хусран хар даагатай хүрэн гүүг ав гэснээр худалдан авч, өөрөөр нь заалгаж уяад сумандаа гуравт давхиулжээ. Даагаа тавихдаа жаахан алдсан гэдэг. Дараа жил нь 1961 онд давхар уяагаар Галшар, Дэлгэрэх, Алтанширээ, Түвшиншрээ суманд түрүүлж, айрагдан үнэхээр хурдан хүлэг гэдэг нь аргагүй танигджээ.
Ингээд 1962 оноос бие даан морь уяхдаа өндөр Гомбожавын найман настай битүү бор азаргыг хусран даагатай нь, Өөдөө Лувсанцэрэнгээс хурдан зээрд морь худалдаж аваад хар азарга (хязаалан байсан)-тайгаа дөрвөн насны морь давхиулж, даага нь түрүүлж, хар үрээ нь аман хүзүүдэж, бор азарга, зээрд морь хоёр нь айрагджээ. Эндээс л залуу уяач гойд урамшиж,айраг түрүү таслалгүй хурдлуулсаар аймгийн 50, 60 жилийн ойд онцгой сайханнаадсан даа.
Хэнтий аймгийн 50 жилийн ойд шүдлэн үрээ аман хүзүүнд, их насны морь зургаад, 60 жилийн ойн наадмаар азарга, их насны морь түрүүлж,1990 онд МНТ-ны 750 жилийн даншиг наадамд амжилттай оролцож, 1993 оны Өвгөн ноёны наадамд их насны морь аман хүзүүнд, 1994 оны наадамд азарга зургаад, их нас аман хүзүүнд, хязаалан түрүүлж, сумын 70 жилийн ойд азарга аман хүзүүнд, их насны морь гуравт давхиулсан амжилтын цувраа үргэлжилнэ.
Босоо улаан хэмээх алдарт хурдан хүлэг нь аймаг, сумын наадамд 10 түрүүлж, гурван удаа аман хүзүүдэж, нэг удаа гуравт, Идэр хээр азарга нь ес түрүүлж, долоон удаа аман хүзүүнд ирсэн байдаг. Том, жижиг наадмуудаас нийт 250 гаруй түрүү, айраг авсны дотор сумынхаа наадамд өөрийн болон хүний нийлсэн зургаан насны морь уяж, бүх түрүүг нь авч байлаа.
Аймгийн алдарт уяач Балжинням гуай, адуу сайхан жигдрээд уясан морьдын уяа сойлго таараад хүний өөрийн гэхгүй уясан нас насны морьд дараалан түрүүлж, айрагдаад ирэхэд сайхан л байдаг юм гэв. Нэг жил сумын наадамд хүргэн, хүүхэд, нэгдлийн нэр дээр уясан их насны дөрвөн морь нь дараагаараа ирж байлаа. Арван жил тасралтгүй их насны морь түрүүлгэж, аман хүзүүдүүлж байсан сайхан дурсамж бий. Адуу болгон өөр уяа засал, өөр хоол идэштэй болохоор өөрөө унаж эдэлж, уяж сойж тааруулна уу гэхээс хүнд хэлэхэд хэцүү, хараад сурахад амаргүй эрдэм шүү дээ гэнэ.
Уясан адуугаа ажиглаж харахад хичнээн зөв сайн уяж, давхил нь ороод ирсэн байсан ч нэг шөнийн гэдсэнд алдаа гаргахад л наадамд сайн давхидаггүй байх жишээтэй. Адуундаа ч, өөртөө ч итгээд бодсон ёсоор ирвэл тэрэн шиг бахархалтай зүйл юу байхав дээ. 1983 онд аймгийн 60 жилийн ойгоор азарга түрүүлж ирээд цуваа сонсох гээд морины комисс дээр очсон чинь буруу индэр дээр ирсэн, хасна гэхээр нь хасдаг наадам юм бол хасаа хас.
Их насан дээр энэ хүүхдэд минь ирэх индрээ (замаа) сайн зааж өгөөрэй гэж хэлээд Босоо улаан морио түрүүлгэж байсан маань миний морь уясны гайхамшигтай дурсамж болж үлдэх шивдээ хэмээн Балжинням гуай сэтгэл хангалуун өгүүлсэн юм.
Мөн 1994 онд Өвгөн ноёны 150 жилийн ойн наадмаар азаргаа мордуулаад майхандаа дурандаад сууж байсан чинь Базарваанийн зээрд, хүргэн Мөнхөөгийнх нь хээр азаргатай хоёулхнаа бариан дээрх наадамчдын үзүүрт ирээд бужигнаад явчихжээ. Гэтэл хүмүүс ирээд гадны дөрвөн азарганы дараа зээрд азарга нь тавд, хээр азарга зургаад орсон гэж байна. Морины комисс дээр очоод асуусан чинь, та яагаад машинтай морь дагаж будилуулаад байгаа юм гэдэг байгаа.
Тэгсэн нь Сүхбаатарын Түвшинширээгийн нэгдлийн орлогч байсан Түгжамба гэдэг хүн аймгийнхаа сумдын морьдыг дагаад манай сумын хоёр азаргыг хооронд нь уралдуулчихсан гэж сонсоод жаахан уур хүрч, “Та нар ганцхан шалзтай цагаан морьтой гэж санаваа. Их морио хонгор гээд биччих, аз байвал түрүүлнэ, их дургүй бол нэгийн удаа орно, харин маргааш хойд хоёр хөлд нь чөдөр хийхгүй бол хязаалан зээрд үрээг харж л байгаарай” гэж хэлсэн ёсоор болжээ. Энэ тухай Д.Дамбадаржаа сэтгүүлч баримтат кино хийсэн байдаг.
Түүнд сонин сайхан дурсамж олон бий. 1965 онд Ёндонжамц гуайтай хамт морь уяж, хашир өвгөний хэлснээр морьдоо нас насаар нь даахаар болж, Балжинням уяач доод гурван насаа даажээ. Тэгэхэд түүний их морь, соёолон түрүүлж, азарга хоёрт, өвгөний азарга түрүүлж, их морь дөрөвт, соёолон нь дараагаараа ирсэн бөгөөд маргааш нь түүний хоёр хязаалан түрүү, аман хүзүүнд ирж, өвгөний хязаалан гуравт, түүний шүдлэн түрүү, айрагт орж, даага хоёрт, өвгөнийх гуравт хурдалж нас наснаас түрүү, айраг авсан байна.
1966 онд Дэлгэрэхийн наадамд мөн л цуг очиж, нэг түрүү, таван айраг авахад Дэлгэрэхийн нэртэй уяач Түдэв гуай, хүү минь чи дөрвөн адуу түрүүлгэх гэж иржээ дээ, тэгж болдоггүй юм шүү. Уул нь сайхан давхиж түрүүлэх гээд л байна, өөр адууг хамт уяж байх хэрэгтэй гэжээ.
Ц.Балжинням, Ч.Банзрагч гуай хоёр гэр бүл болж, 10 хүүхэд төрүүлж өсгөн хүргэн, бэр, ач гучийн хамт 60 шахам хүнтэй өнөр өтгөн бүл болж, өдгөө хоёр буурал Өндөрхаан хотноо энх тунх амьдарч байна. Түүний ууган хүү Б.Энхтайван Галшар сумын ИТХ-ын даргаа ажилладаг. Балжинням гуайн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ардын хувьсгалын 70, 80, 90, Ардчилсан хувьсгалын 20 жилийн болон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Аймгийн алдарт уяач цол, Ардчиллын ахмад зүтгэлтэн тэмдэг, аймгийн 90 жилийн ойн хүндэт медалиар шагнажээ.
Ч.Банзрагч гуай дөрөвдүгээр анги төгсөөд мал маллаж, “Буянт-Оргил” нэгдэлд гишүүнээр элсэн өндөр насны тэтгэвэрт гартлаа малчнаар ажилласан. 1960 онд Дорноговь аймагт болсон “Мал маллах сайхан” бүсийнанхдугаар зөвлөгөөн, 1968 онд Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн залуу малчдын зөвлөгөөнд оролцож, хонь хяргах тэмцээнд 40 минутад 13 хонь хяргаж тэргүүн, ховоо татах тэмцээнд 2-р байр эзэлж, ХААЯ-ны хүндэт тэмдэг, Жуух бичгээр шагнагдсан. Мал маллах хугацаандаа 5, 6-р таван жилийн гавшгайч, МХЗЭ-ийн ТХ-ны “Тэргүүний малчин залуу” алтан медаль, сумын аварга цолоор шагнагдаж байсан. “Алдарт эх”-ийн 1, 2-р одон, Ардын Хувьсгалын 60, 70, 90 жилийн ойн медальтай.
Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын хурдан морь уях, шинжих эрдмээс үе дамжуулан өвлөн авч, Галшарын хурдан хүлгүүдийн торгон жолоог олонтаа өргүүлж явсан энэ ахмад уяачид Монгол Улсын алдарт уяач цол олгуулахаар тодорхойлсныг нутгийн олон хүлээн сууна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ