Хятадын генералыг авлигын хэргээр намаас хөөжээ

БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Сюй Цайхоуг намаас хөөлөө хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн дурдсанаар, цэргийн төв зөвлөлийн сахилга бат шалгах комиссын илтгэлийн дагуу ийнхүү хөөсөн байна. Хурандаа генерал болон түүний гэр бүлийнхэн албан тушаал дэвшихэд нь зарим офицерт туслан, хариуд нь хахууль авч байсныг комисс тогтоожээ. Одоо хэргийг цэргийн прокурорын байгууллагад шилжүүлэх юм.

Үүнээс гадна, дээд тушаалын гурван албан хаагч – БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэргэдэх төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны дарга асан Зян Зэминь, Хятадын үндэсний нефть-хийн корпорацын ерөнхий захирлын орлогч асан Ван Юнчунь, БНХАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд асан Ли Дуншэн нарт бас эрүүгийн хэрэг үүсгэжээ. ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын тогтоосноор, тэд бүгдээрээ төрийн алба хааж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авч байсан байна.
Одоо Хятадад авилгын эсрэг өргөн цараатай кампанит ажил явуулж байгаа юм. Дээд тушаалын олон арван албан хаагч, төрийн компаниудын топ-менежерүүдийг мөрдөн шалгаж байгаа ажээ.
Ингэсний эцэст тун хатуу ял ногдуулж байгаа бөгөөд жишээ нь хахууль авсан хэргээр төмөр замын сайд асан Лю Жизюньд 2013 оны долдугаар сард цаазаар авах ял оноож, уг ялыг ёсоор болгохыг хоёр жилээр хойшлуулсан юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ