Эрх мэдлээ урвуулан ашигласан гэж Николя Саркозийг саатуулжээ

Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийн талаар мэдүүлэг авахаар Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг саатуулжээ. Мягмар гаригийн өглөө тэр Парисын ойролцоохи Нантер хотын цагдаагийн хэсэгт иржээ гэж Францын “Le Figaro” сонинд мэдээлсэн байна.
2007-2012 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлсэн гэж Саркозийг сэжиглэж байгаа аж. Мөн түүнийг мөрдөн байцаах ажлын нууцыг задруулсан гэж үзэж байгаа юм. Саркози өөрт нь хэрэгтэй мэдээлэл өгвөл тушаал дэвшихэд нь туслахаар төрийн захиргааны дээд тушаалын нэг төлөөлөгчид амлаж байжээ хэмээн Францын хууль сахиулагчид сэжиглэж байгаа юм.
Өмнө нь мөрдөн байцаагчид Саркозийн өмгөөлөгч Тьерри Эрзогийг бас саатуулсныгтелевизийн “France 24” сувгаар мэдээлж байв. Францын хууль тогтоомжийн дагуу, хуучин төрийн тэргүүнийг 24 цагаас илүүгүй хугацаагаар саатуулдаг. Хэрвээ шүүх таслан зогсоох өөр арга хэмжээ авахгүй бол, энэ хугацаа дуусмагц түүнийг суллах ёстой ажээ.
Николя Саркозийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг санхүүжүүлж байсан тухай Ливийн удирдагч Муаммар Каддафи нас барахаасаа хагас жилийн өмнө ярихдаа, түүнийг “мэдрэл муутай” гэж хэлж байсан юм. 2011 оны гуравдугаар сард Ливийн хуучин удирдагчтай хийсэн ярилцлагын бичлэгийг Францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тараасан юм.
Ливийн удирдагч Муаммар Каддафи 2007 онд Саркозийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж байсан тухай мэдээллийг эндхийн мэдээлийн хэрэгслүүд Францын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын явцад 2012 оны хавар тараажээ. Саркози Каддафигаас мөнгө авч байсныг Франсуа Олландыг төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко нотлосон юм.
2011 онд Ливийг бөмбөгдөх санаачлага гаргагчдын нэг байсан Саркози өөрөө бүхий л зэмлэлийг няцаагаад, ийм мэдээлэл тараасан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг шүүхэд өгчээ. Одоо шүүх энэ хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ