Украины арми Крымд ялалтын парад хийнэ

Украины батлан хамгаалахын шинэ сайд Валерий Гелетей Крымийн Севастополь хотод ялалтын парад хийхээр амлаад, “Украин ялна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. РБК-Украина сайтад мэдээлснээр, Гелетей албан тушаалд томилогдмогцоо Дээд радад үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.

“Батлан хамгаалахын сайдын албан тушаалд ажиллаж байхдаа та бүхний дэмжлэгтэйгээр манай эх орон нэгтнүүдийн аюулгүй байдал, манай улсын амгалан тайван байдлыг хангахын тулд бололцоотой бүхнийг хийхээ би амлаж байна...

Украин улс ялж, Украины арми Севастополь хотод ялалтын парад заавал хийнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр мэдэгджээ. Долдугаар сарын 3-нд Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус орны батлан хамгаалахын сайдын албан тушаалд өөрийн талын хүн болох Валерий Гелетейн нэрийг Дээд радад танилцуулсан юм.

Түүнийг дэмжиж 260 депутат санал өгсөн байна. Гелетей Украины төрийн хамгаалалтын газрын даргын албан тушаалд хоёр удаа – 2007-2009 онд болон 2014 оны гуравдугаар сарын 2-ноос ажиллаж байсан юм.
Гуравдугаар сарын 16-нд Крым болон Севастополь хотод санал хураалт болж, энэ үеэр санал өгсөн хүмүүсийн олонх нь Орост нэгдэх саналтай байгаагаа илэрхийлсэн билээ. Ингэсний дараа эндхийн эрх баригчид ОХУ-тай зохих хэлэлцээр байгуулсан юм. Украины эрх баригчид санал хураалтыг хууль бус гэж үздэг юм. Дөрөвдүгээр сарын 15-нд Дээд Рад тус хойгийг эзлэгдсэн нутаг дэвсгэр гэж зарласан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ