Украинд “цэгчилсэн цохилт” өгөх боломжийг хэлэлцэж байна

{!!!right!!!}Оросын нутаг дэвсгэрийг цаашид үргэлжлүүлэн буудвал, Оросын тал Украины армид “хариу цэгчилсэн цохилт” өгөх боломжийг хэлэлцэж байгаа аж.

“Коммерсантъ” сонин Кремлийн учрыг мэдэх төлөөлөгчийн хэлснийг иш татан даваа гаригт ийнхүү мэдээлжээ.

Украины арми зүүн нутагт салан тусгаарлагчдын эсрэг цэргийн ажиллагаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ үеэр их буу, миномётын сум хил даван Оросын нутаг дэвсгэрт унаж байгаа, заримдаа ч бүр санаатайгаар галласан мэтээр хилийн гүнд тусаж буй талаар сүүлийн үед хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Хаанаас ингэж буудаж байгааг Оросын эрх баригчид “яг мэдэж байгааг” тэр төлөөлөгч дурджээ. “Бидний хүлээц тэвчээрт хязгаар бий” гэж тэр мэдэгдээд, ингэхдээ энэ нь бүрэн хэмжээний ажиллагаа биш, харин Оросын нутгийг буудаж байгаа байрлалын тоонд тохирсон цохилт өгөхийг хэлж байгаа юм гэж онцлон тэмдэглэсэн байна.

Украинд цэгчилсэн цохилт өгөхийг Холбооны Зөвлөлийн дэд дарга Евгений Бушмин өмнө нь санал болгосон юм.

“Ойлгуулах хэрэгтэй, хэрвээ энэ нь их бууны гал бол, түүнийг нь устгах ёстой, Оросын эсрэг аливаа дайралтыг таслан зогсоох болно гэдгийг олон нийтэд харуулах хэрэгтэй. Тохирох цэгчилсэн хариу өгөх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Бүс нутагт Украины зүгээс буудсан сум орон сууцны байшинд туссаныг долдугаар сарын 13-ны өглөө Ростов мужийн эрх баригчид мэдээлсэн байна. Үүний улмаас нэг эрэгтэй амь үрэгдэж, бас хоёр эмэгтэй шархаджээ.

ОХУ-ын ГХЯ үүнтэй холбогдуулан Киевийн эрх баригчдад эрс хатуу мэдэгдэл өгч, “ноцтой үр дагавар учирч болохыг” анхааруулсан байна. Гэвч Украины тал энэ зэмлэлийг үл тоон няцааж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ