Морь шинжээч монхор Халтар

Галшар нутгийн гарамгай уяач, морь шинжээчдийн нэг нь Нарангийн Халтар гуай мөнөөс мөн. Н.Халтар гуайн морь шинжих, уяа сойлгыг тааруулах эрдэм ухааны талаар олон сонин хууч яриа эдүгээ ч нутгийнхны дунд яригдсаар ирсэн. 1952 оны үед юм уу даа. Буянт сумын наадам болох гээд хол ойрын уяачид Буянт булаг, Хатуугийн энгэр, Салаагийн хадны ар, Ламын ус, Бударын чулууны бэлээр уяа зэллэн бууцгаасан байж дээ. Хашир уяач Н.Халтар гуай хавь ойрын уяан дээгүүр буунгаа уясан морьдын байдлыг харж, шинжиж явсаар оройхон хэрд сумын дарга Д.Даваажанцангийнд нөгөөдөр наадам эхэлнэ гэж байхад иржээ. Д.Даваажанцан дарга ч өвгөн уяачаас,
-Та уяан дээгүүр ороод ирэв үү, гаднаас олон хурдан морьд ирсэн үү. Манай уяачдын морьдын уяа хэр нийлэмжтэй байна даа гэх зэргээр сонирхоход Халтар гуай:
-Вангийнхнаас олон сайн азарга ирж дээ. Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх сум ч хурд ихтэй газар шүү.Азарганы айргийн тавд ч манайхаас горьдох юм алгаа. Энэ жил барахгүйдэг ээ. Наадмынхаа эхийг гадны хошуу суманд алдвал яана даа. Би ямар морь мэдэх биш дээ. Харж л байгаарай гэж даруухан хэлээд толгой сэгсрэхэд сумын дарга өндөлзөн:
-Халтар гуай минь. Азарганы түрүүг алдахгүй байх ямар арга байна, яах вэ гэж сэтгэл зовнин асуухад өвгөн уяач хэсэг зуур бодолхийлж байснаа:
-Халзангийн шар, Туваанжанцангийн хул азарга энэ жил ямаршуу байгаа бол. Тэр байвал магадгүй юм даа гэжээ. Маргааш өглөө нь Даваажанцан дарга Туваанжанцанг сураглуулсан нь Галшарын наадамд явчихсан байж. Тэгээд л Даваажанцан Халтар гуайгаа дагуулан сумын утасны салбар дээр очиж, Галшарын дарга Д.Наваанбалдан гуайтай утсаар ярьж, улмаар Туваанжанцангаа Галшарын холбоон дээр дуудуулжээ. Уяачтай эхлээд утсаар мэнд усаа мэдэлцэн:
-Чи Галшард наадахаар очоо юу. Морьд хурдан биз дээ гэж лавласнаа, за хө чи Халтар гуайтай ярь гээд утсаа өвгөнд өгчээ. Халтар гуай утсаар мэндлээд:
-Чиний хул азарганы уяа ямар байгаав. Ноднингийнхоос... тэгвэл уржнангийнхаасаа гэж асуун хариу сонсоод толгой дохин инээмсэглээд:
-За тэгвэл чи сумынхаа наадамд заавал ирэхгүй бол болохгүй нь ээ хө. Хурдан хул азарганы чинь хэрэг болоод байна. Вангийнхнаас олон сайн азарга ирчихээд түрүү алдчих гээд болдоггүй. Бас чамд аминчлан захих юм байна. Чи ирэх замдаа азаргаа ганц ч мур мур хийлгэж шогшуулж болохгүй шүү. Тувт сажпуулан явсаар Эрээн цавын энгэрт хоноод өглөөгүүр ирсэн байхыг бодоорой гэхэд Даваажанцан дарга:
-Би чамайг иртэл наадмаа хойшлуулаад байж чадна гэж амлажээ.
Ингээд наадмын талбайд гол асраа босголгүй орхиж, өглөө нь уяачдад “Сумынхаа эхний хагас жилийн уралдааныг дүгнэж байж наадмаа нээнэ” гэсэн зар тараажээ. Бага үд нэлээд хэвийсэн хойно Туваажанцанг ирлээ гэсэн мэдээ авуутаа сумын дарга ч гол асраа босгуулан наадмаа нээжээ. Уяач Туваанжанцанг Халтар гуай тосч уулзаад хул азаргыг нь шинжин харснаа:
-Наадахийн чинь уяа мултарчих гээд байна. Бушуухан мордуул гэж шаардахад Туваанжанцан ч тэр дор нь гөхөл, сүүлийг нь боогоод хүүхдээ унуулан гарааны газрыг чиглэн гарцгааж, олон азаргатай нийлүүлэн явуулжээ. Азарга гарсны дараахан Н.Халтар гуайг наадмын талбай дээр хүрч ирэхэд Д.Даваажанцан дарга уулзан:
-За мордуулчихав уу. Хул азарга маань яах бол доо хэмээн сэтгэл түгшин асуухад Халтар өвгөн ханцуйгаараа хөлсөө шудран арчаад:
-Хоншоор байвал магадгүй дэг шүү. Харж л байгаарай гэсэн гэдэг.
Алс тэртээгээс азарганы түрүүч гарч ирэхэд цээжний хэдэн азарганы дунд Туваанжанцангийн хул өнгөлөн явна гэнэ. Барианы газар ойртох тутам хул азарга газар унхиалан бусдаас сугаран хурдалж, тэр наадмын түрүү магнай болоход түүний араас үнэхээр л Дэлгэрэх сумын таван хурдан азарга дараалан барианд орсон гэнэ билээ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ