Европын холбоо ёроолгүй хүүдий болсон Украинд эгдүүцэж эхэлжээ

Европын холбоо Оросын шатдаг хий хэрэглэсэн Украины өрийг төлөх боломжийг хэлэлцэхгүй байгаа гэж Европын комиссын эрчим хүчний газрын тэргүүн Доминик Ристори сэтгүүлчдэд мэдээлэв.
Урьдчилан төлбөр хийх нөхцөлд Орос улс шилжсэн зургадугаар сарын 16-наас өмнө нийлүүлсэн хийг харгалзан үзвэл, “Газпром”-д Украины “Нафтогаз” компанийн төлөх өр 5,3 тэрбум ам.долларт хүрчээ.
Европт зориулсан дамжин өнгөрөх хий л одоо Украины хий дамжуулах системд очиж байгаа бөгөөд энэ ньөвлийн улиралд тасралтгүй дамжуулах ажлыг хангахын тулд Украины газар доорхи хий хадгалах агуулахыг сэлбэх ажилд аюул учруулж байна.
Доминик Ричтори “Бид макро-санхүүгийн чухал тусламж үзүүлсэн. Бид Украины эрчим хүчний зах зээлийн шинэтгэлд тус дэмжлэг үзүүлэхийн тулд Олон улсын валютын сантай бас нягт холбоотой ажиллаж байгаа. Үүнээс илүү яах билээ, энэ нь л чухал” гэж нэмж мэдэгджээ. Түүний хийсэн мэдэгдлээс үүдэн Украины эрх баригчдын эцэс төгсгөлгүй хэт их мөнгө нэхэж байгаа явдалд Европын холбоо, ОУВС эгдүүцэж эхэлсний илэрхийлэл шингэжээ хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Энэ жил Европын холбоо нийт 1,6 тэрбум еврог Украинд өгөхөөр шийдэж 600 саяыг нь нэгэнт шилжүүлээд байгаа ба үлдсэнийг нь он дуусахаас өмнө шилжүүлэхээр амласан юм. Харин дөрөвдүгээр сарын 30-нд Олон улсын валютын сан хоёр жилийн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Украинд 17 тэрбум гаруй ам.доллар гаргаж өгөхийг сайшааж, ингэснээр эхний 3,16 тэрбум ам.долларыг Киевийн эрх баригчид тавдугаар сарын эхээр авсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ