Хөлбөмбөг тоглож байсан хөвгүүдийг хөнөөжээ

Өнгөрсөн зургадугаар сард эрэн сурвалжлаад олдохгүй байсан Израйль хөвгүүдийн сэглэж зэрэмдэглэсэн цогцос Газын зурвасын баруун эргээс олдсоноос хойш энэ бүс нутгийн байдал хурцдаад байгаа.

Болж буй үйл явдлыг эргэн санавал, Баруун эргийн нэгэн гүүрний дороос хөвгүүдийн цогцос олдсоны дараа Иерусалим хотод мөн л тамлаж тарчилган амийг нь хөнөөсөн гурван хөвгүүнийг олсон юм. Харин тэд энэ удаа палестинчууд байлаа.

Нэг ёсондоо еврейчүүд цусан өшөө авсан хэрэг. Ингээд Палестины улстөрийн зэвсэгт жигүүр Хамас бүлэглэл Израйлийн захын хотууд руу өнөөдрийг хүртэл зогсоо зайгүй пуужин харваж хариуд нь еврейчүүд Газын зурвас руу агаарын цохилтуудыг өдөр алгасалгүй хийсээр байгаа юм.

Үүний улмаас олон зуун хүн амь үрэгдэж асуудал ноцтой хурцдсаны улмаас Египет улс дайсагнагч талуудад зуучилж гал зогсоох хэлэлцээр байгуулах тухай санал тавьж Израйль зөвшөөрсөн ч Хамас хүлээж аваагүй.

Ингээд Хамас гал зогсоох хүсэлгүй байгааг мэдэгдмэгц Израйлийн тал түр зогсоогоод байсан буудлагаа үргэлжлүүлж агаарын довтолгоог улам хүчтэй хийсээр байв.

Харин палестинчууд НҮБ-аар дамжуулан таван цаг галаа зогсоож амь үрэгдэгсдийгээ нутаглуулах боломж олгохыг хүссэн. Үүнийг нь НҮБ-аас зуучлан еврейчүүд ч зөвшөөрснөөр ийнхүү цөөн хэдэн цагийн хугацаатай түр гал зогсоод байна.

Өнөө өглөөнөөс эхэлсэн гал зогсоох хугацаанд палестинчууд амь үрэгдэгсэдтэйгээ таван цагийн хугацаанд салах ёс хийх юм. Израйлийн цохилтод амиа алдагсдын дунд 9-11 насны дөрвөн хүү байгаа юм. Тэд далайн эрэгт хөлбөмбөг тоглож байхдаа агаарын довтолгоонд өртөж амиа алдсан бөгөөд палестинчууд энэ явдалд онцгойлон гашуудаж, асар их уур хилэн буцлаж байгаа аж.

Палестины засгийн газраас хөвгүүдийн амийг хөнөөсөн явдалд Израйлийн цэргийн эрхтнүүдийг Олон улсын шүүхээр шүүж энгийн иргэдийн эсрэг бөөнөөр нь хомроголон устгасан гэмт хэрэгт яллах ёстой хэмээн шаардаж байна.

Үнэхээр ч Израйлийн талаас өнгөрсөн өдрүүдэд цэвэр цусан өшөө авах зорилгоор гээд хэлчихэд буруудахгүй маш хүчтэй агаарын довтолгоон хийсэн юм. Ойрын жилүүдэд Газын зурваст Израйлийн талаас ийм хүчтэй цохилт хийж байгаагүйг эх сурвалжууд мэдээлж байв.

Ийнхүү Ирак, Сирид байдал ноцтой болж байгаагийн зэрэгцээ Израйль Палестины асуудал хурцдаж энгийн иргэд олноор амиа алдаж байгаа нь дэлхий нийтийг түгшээж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ