Малайзын Боинг 777 онгоц Украинд сүйрч 298 хүн амиа алдлаа

Малайзийн иргэний агаарын тээврийн “MH17” маршрутын Боинг 777 онгоц Украины нутаг дэвсгэрт сүйрч зорчигч болон онгоцны багийнхан нийлсэн 298 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.

Уг онгоц нь Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын Куала Лумпур луу нисч явсан бөгөөд хамгийн сүүлд Украины агаар мандалд байхдаа холбоо тогтоожээ.

Сүйрэл болсон газрын эргэн тойрон хааш хаашаа 10 миль газар онгоцны биетүүд тарж бутран унасан байдалтай байжээ. Сүйрэл болсон газар нь зүүн Украины Грабова тосгоны хажууханд гэнэ.

Онгоцны сүйрлийн таамаглалыг олон улсын хэвлэлүүд янз бүрээр бичиж байгаа бөгөөд магадгүй Украинд болж байгаа дайн тулаан цэргийн ажиллагааны улмаас сүйрсэн байх өндөр магадлалтай гэж үзэж байна. Мөн Украин, Оросын талууд харилцан биенээ буруутгаж онгоцны сүйрэлд нөлөөлсөн гэх мэдэгдэл хийгээд байна. Жишээлбэл Украины ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчдын хийсэн террорист халдлага хэмээн төв телевизээрээ мэдэгдээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ