Украинд цэргийн сөнөөгч онгоц агаарт буудуулжээ

Украины Үндэсний аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Лисенко тус улсын агаарын хүчний Су-25 сөнөөгч, дайрагч онгоцыг ОХУ-ын талаас сөнөөсөн болохыг албан ёсоор мэдээлжээ.

Хэрэг явдал Малайзын Боинг онгоц Украины нутаг дэвсгэрт осолдохоос өмнөхөн болсон бөгөөд Украины хилийн дотор нислэг гүйцэтгэж явсан онгоцыг Оросын нутаг дэвсгэрээс пуужин харваж сөнөөлөө хэмээжээ.

Харин Оросын Батлан хамгаалах яамнаас үүнийг утга учиргүй тэнэг явдал хэмээн тодорхойлоод Оросын зэвсэгт хүчин ийм болчимгүй алхмыг хэзээ ч хийдэггүй, харин Орос улсын хилийн зурваст нэвтэрсэн бол өөр хэрэг хэмээжээ.

Ажиглагчид энэ явдлыг Малайзын Боинг онгоцны сүйрэлтэй ямар нэг учгаар холбож магадгүй байна. Учир нь Украины зүүн нутаг дахь салан тусгаарлагчид агаарт хоёр онгоцыг буудсан хэмээн үүний өмнө мэдээлээд байсан.

Гэтэл Украины тал нэг Су-25 унасан хэмээсэн ба салан тусгаарлагчдын буудуулсан гэгдээд байгаа өөр нэг онгоц учир битүүлэг үлдээд байгаа юм. Дашрамд дурдахад Украины Су-25 сөнөөгч онгоцны нисгэгч аврах шүхэр ашиглан амьд үлдэж чаджээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ