Порошенко: Бид дайнд ялах ёстой

Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус оронд дайны цагийн байдал тогтоохыг эсэргүүцлээ гэж түүний хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. “Ардын депутатууд дайны цагийн байдал тогтоох шийдвэр гаргахыг эрх баригчдад уриалахдаа, улс орны хувьд ийм шийдвэрийн учруулж болох үр дагаврыг ойлгох ёстой.Өнөөдөр болгоомжгүй унагасан ганц үг л араасаа их уршиг дагуулж мэднэ” гэж Порошенко депутатуудын фракц, бүлгүүдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Украин улс өнөөдөр байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалах ёстой. Ингэхийн тулд байлдах чадвартай армитай байж, түүнийг зохих ёсоор хангах шаардлагатай, харин дайны цагийн байдалд ингэх боломжгүй юм гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.
“Дайны цагийн байдалд зэвсэг, хоёрдмол зориулалт бүхий бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглодог, харин бид дайнд ялах хэрэгтэй” гэж Порошенко хэлсэн байна. Түүнчлэн дайны цагийн байдлын нөхцөлд олон улсын санхүүгийн байгууллагууд тусорныг дэмжих боломжгүй болно. “Дайны цагийн байдалд байгаа орнуудад ОУВС мөнгө өгдөггүй. Өнөөдөр дайны цагийн байдлын тухай асуудал хөндөхдөө, хэн ч энэ тухай бодохгүй байна” гэж Украины ерөнхийлөгч дурджээ.
Одоо манай засгийн газар “БН Луганск болон Донецк Ард Улсыг” террорист байгууллага гэж дэлхийн орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд хүч чармайлтаа төвлөрүүлж байна гэж тэр цохон заажээ.
Террористуудад үзүүлж буй санхүүгийн юмуу бусад аливаа тусламж нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг мөн гэж Украины төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ