Хүүхдийн хүйнээс авсан эрүүл эс хадгалдаг Хөх хотын лабораторид монгол хүн эсээ хадгалуулжээ

Монгол хүн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч сурвалжлагчдын хамтарсан баг6 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд Өвөрмонголоор аялах боломж олдов.

Нийт 2600 км аялсан аялалын маань зорилго тус орны орчин үеийн үйлдвэрлэл, ХАА, бэлчээржүүлэлт болон ойжуулалтын бодлого, түүний үр дүнтэй танилцах явдал байв.

ЭРЭЭНИЙ ЭМНЭЛГЭЭР ЖИЛД 4000 МОНГОЛЧУУД ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Аяллын эхэнд бид Эрээн хот дахь Хятад-Монголын найрамдлын эмнэлгээр зочиллоо. Эмнэлгийг хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан барьжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 60 сая юань. 180 ортой, уламжлалт болон орчин үеийн лабораторитой.

Хил гаальд ойрыг хэлэх үү, манай монголчууд тус эмнэлэгт ихээр ирж эм барих төдийгүй хэвтэн эмчлүүлдэг болжээ.

Жил бүр тус эмнэлгээс 4000 орчим монголчууд эмчилгээ үйлчилгээ авдаг ба тэдгээрийн 700-800 нь хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Энэ эмнэлгийг барихаас өмнө жил бүр Эрээнээр дамжин Бээжин, Хөх хотод эмчлүүлэх монгол өвчтөний тоо 70 мянгад хүрсэн тул хотын зэрэглэлийн төсөл болгож уг эмнэлгийг барьсан байна. Зориод ирсэн монголчуудад 20 хувийн хямдрал үзүүлдэг гэж эмнэлгийн удирдлагууд ярилаа.

Тэдний үйл ажиллагаатай танилцаж явах зуур тус эмнэлэгт солилцоогоор ажиллаж буй Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Г.Гантулгатай хэд гурван үг солив. Хоёр эмнэлэг хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй хамгийн анхны мэргэжилтэн нь Г.Гантулга эмч гэнэ.

Тэрээр одоогийн ажиллаж буй чиглэлээрээ 2-3 сар туршлага судлаад буцна гэв. Тэндээс хөдлөөд бид “Хаоган” жимс жимсгэний паркаар зочиллоо. Товчдоо бол энэ парк жимс жимсгэнэ, үр тариа, хүнс, хүнсний тос зэргийг татан авч, импортод болон экспортод нийлүүлдэг томоохон хэмжээний хадгалалт бүхий агуулах юм.

2009 оны 4 дүгээр сард уг паркийг барьж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын нэгэндээашиглалтад оруулсан байна. Байнгын температуртай болон өвлийн агуулах, баглаа боодлын цех зэрэг юм юмтайн дээр хамгийн гол нь мэргэжлийн лаборатори дэргэдээ ажиллуулдаг тул жимс, хүнсний ногооны чанар аюулгүй байдалд эргэлзэх зүйлгүй гэнэ.

ХҮҮХДИЙН ХҮЙНЭЭС АВЧ ХАДГАЛСАН ЭРҮҮЛ ЭСЭЭР ХОЖИМ ӨӨРИЙГ НЬ ЭМЧИЛНЭ

Аялал Хөх хот руу чиглэлээ. Хөх хотын захаар саяхан нурааж буулгасан бололтой улаан тоосгоны үлдэгдэл бүхий газрууд ихээр тааралдана. Энд хуучны гэх өнгө төрх бүрмөсөн арчигджээ.

Тагзан байшингуудын оронд чамин хийцтэй 20-30 давхар орон сууцны хорооллуудыг барьсан нь автобусны цонхоор ээлж дараагаар нүднээ тусна. Бас барьж байгуулж байгаа нь ч олон юм.

Тийм олон барилгыг зэрэг барьж байна гээд бөөн хүн хүч, кран техник хөлхөлдөж байгаа юм алга.Тав арван хүн ухас дөхөс хийсэн янзгүй энд тэнд ганц нэгээрээ бөртөгнөх ньхэзээ энэ олон барилгыг барьж дуусгах юм бол доо гэх бодол төрүүлэх.

За тэгээд, Ази төрхтэй европ хийцтэй энэ хотод зам гүүр, замын хашлага,дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, хиймэл нуур, алаг эрээн цэцэг навч ер нь илүү юм байна уу гэхээс дутуу юмгүй газар аж.

Харь гүрний хуучин технологийг царайлж суухын зовлонг ирэх жилүүдэд Өвөрмонголчууд үзэхгүй нь бололтой. Технологи гэхээр ганцхан үйлдвэрлэлийн салбарт гэж ойлгов. Ер нь бүхий салбарт өөриймшүүлэх бодлого энэ улсад явагдаж байх шиг.

Хөх хот дахь “Иньхүн” компани үүний нэг нотолгоо юм. Энэ компанийн үүдээр ороход ямар нэг лабораториор орчих шиг санагдсан.

Ажилтан ажиллагсад нь цагаан нөмрөг өмссөн байх ба өрөө тасалгаа бүрт элдэв оношилгооны шил сав, хөргөгч хөлдөөгч байрлуулаастай. Тэгэх нь ээ, өөрсдийнх нь нэрлэснээр сурвалж эсийн энэхүү компани нь генетикийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн газар болж таарав.

Хүүхэд төрснөөс 2 цагийн дотор хүйнээс нь эрүүл эсийг нь авч хадгалах ба хэрэв тухайн хүүхэд хэзээ нэгэн цагт тэр цусны өвчнөөр өвдвөл хадгалсан эрүүл эсээрээ нэг удаа бүрэн эрүүлжүүлэх боломжтой гэнэ.

Ийм төрлийн бааз Хятад даяар хэд хэд байдгийн нэг нь энэ аж. Одоогоор тус лабораторид 6000 эс хадгалагдаж байгаа, үүн дотор нэг монгол хүн эсээ хадгалуулсан гэх мэдээллийг тэндхийн ажилтан хэлсэн.

Хэрэв эсээ урт хугацаанд хадгалуулах бол хугацаанаас хамаарч өөр өөр үнэ тарифтай гэнэ.

Эсийн түвшинд хийж буй уг судалгаагаар цаашид бүх төрлийн өвчнийг илааршуулдаг болох тухай ч энэ үеэр дурдагдав.

Өөр нэг дэвшилтэт технологи нь хүний өөхнөөс гоо сайхны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл аж. Хэрэглэгч дунджаар 3 сая төгрөг төлсөн тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүн гаргуулж аваад, мөнхийн залууг хүсэмжлэх биш “нутагшуулаад” авах бололцоо бий гэх үгс чих дэлдийлгэж л явлаа.

Харин нүд бүртийлгэсэн зүйл гэвэл нефтийн шаарыг боловсруулж гаргасан үлээхийн төдийд найгалзах цахилгааны утас, өнгө өнгөөр гэрэлтэх сатуркан гэрэл, нано техниологиор бичигдсэн хэзээ ч үл арилах сав боодлын тэмдэглэгээ, насандаа ганц удаа худалдан авсан байхад бэх нь үл дуусах үзэг гээд хөгжил дэвшлийн үр шим олныг гаргаж авч, амьдралд нэвтрүүлээд эхэлсэн байхыг үзлээ.

Бид ардчиллыг хөгжүүлсэн, хурдацтай хөгжиж байгаа гэдэг ч нам гүмхэнээр оршин тогтнож байгаа тэдний хаахна явна вэ гэсэн сөргөлцүүлэх бодлын хайчинд оролгүй хаагуур нь зөрж өнгөрөх билээ.

Бидний аяллын багийн ахлагчаарУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц явсан юм.

Мөн МОНЦАМЭ агентлагийн Хөх хот дахь сурвалжлагч Б.Занданхүү маань тосч, хамт газарчлан аялсан билээ. /Үргэлжлэл бий/

Б.Туул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ