Азид дахин иргэний тээврийн онгоц сүйрлээ

Тайванийн ТрансАзиа Эйрвэйс компанийн иргэний агаарын зорчигч тээврийн онгоц өчигдөр орой Пенгу арлын Магон хотын нисэх буудлын ойролцоо иргэдийн оршин суух бүсэд осолджээ.
Онгоцонд багийн гишүүн 4, зорчигч 54 нийт 58 хүн явсан бөгөөд өнөө өглөөний мэдээллээр 48 хүн амиа алдаад байна. Ослоос амьд үлдэж чадсан 10 хүний биеийн байдал ч тун хүнд байгаа тухай Тайванийн мэдээллийн төв агентлаг CNN-д уламжилжээ. Азаар тэр хавийн оршин суугчид гэмтэж бэртээгүй байна.
Филиппин, Зүүн өмнөд Хятадыг нэрвэсэн хар салхи Тайванийг чиглээд байгаа ба онгоц газардах үед цаг агаар ихээхэн муу байсантай ослыг холбон тайлбарлаж байгаа боловч сүүлийн үеийн мэдээллээр онгоцны сүйрэл нь хөдөлгүүрийн гэмтлээс шалтгаалсан байж магадгүй гэнэ.
Одоогоор ослын шалтгааныг тодорхойлохоор мэргэжилтнүүд аврагчидтай зэрэгцэн ажиллаж эхэлжээ.
ТрансАзиа Эйрвэйсийн энэхүү нислэг нь орон нутгийн чиглэлд зорчдог бөгөөд Тайванийн арлаас Пенгу арал хүртэл ердөө 30 минут нисдэг байна.
Тиймээс шатахууны хангалттай нөөцтэй байх үед онгоц ийн оршин суугчдын хороолол дээр буучихсан нь цаг агаарын байдлаас гадна механик гэмтэл нөлөөлсөн байж магадгүй гэнэ.
Онгоцонд Францын 10 жуулчин явсан бөгөөд хоёр нь ослын газарт нас баржээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ