Алга болсон онгоцыг сүйрсэн байхыг оллоо

Өчигдөр Буркина Фасо улсын нийслэлээс Алжирыг зорин хөөрсөн Эйр Алжириа авиа компанийн иргэний зорчигч тээврийн онгоц 50 минутын дараа Мали улсын нутагт радараас гарч холбоо тасарсан тухай бид шуурхай мэдээлсэн. Тэгвэл багийн 6 гишүүн, 110 зорчигчтой иргэний агаарын онгоц сүйрсэн болохыг баталсан мэдээллүүд өнөө өглөөнөөс гарч эхэллээ.
Онгоцыг Мали улсын хойд хэсгийн нутаг дэвсгэрт Акелкок, Кидаль уулсын дунд сүйрсэн байхыг аврах албаныхан болон цэргийнхний хамтарсан эрлийн ажиллагааны дүнд олсон болохыг тус улсын ерөнхийлөгч албан ёсоор мэдээлжээ.
Онгоцонд явсан хүмүүс бүгд амь үрэгдсэн бөгөөд ослын шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал хэмээн эхний таамаглалыг гаргаж байгаа аж. Үнэхээр ч Мали улсын нутагт хэд хоног дараалсан хуй салхи үүсээд байгаа юм.
Онгоцонд Францын 50, Буркина Фасогийн 24, Ливаны 8, Алжирын 6, Канадын 5, Германы 4, Люксембургийн 2 болон Бельги, Мали, Камерун, Украин, Румын, Швейцарь, Египет, Нигерийн тус тус нэг иргэн зорчиж байсан ба багийн бүрэлдэхүүн нь бүгд испаничууд байжээ.
Эйр Алжириа нь дэлхийн 28 оронд нислэг үйлддэг, тус улсын хамгийн томоохон агаарын тээврийн компани юм. Онгоц алга болсон даруй эрлийн ажиллагааг зохион байгуулахад иргэд нь хамгийн олноор зорчиж явсан Франц улс онцгой анхаарч байлдааны онгоцуудаа явуулж эрэл хайгуулд оролцуулжээ. Гэсэн ч эрлийн үр дүн ийн эмгэнэлт мэдээгээр төгссөнд харамсалтай байна. Ийнхүү долдугаар сар гарснаас хойш олон улсад гурван иргэний агаарын зорчигч тээврийн онгоц дараалан осолдож дэлхий даяар шуугиан дэгдээгээд байна.
Дашрамд дурдахад Алжирын энэхүү онгоцонд Кубын ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин Мариэла Кастро зорчих байсан бөгөөд азтай тохиолдлоор хойшлуулаад байсан нь түүнийг өдгөө эсэн мэнд үлдээжээ. Түүнтэй хэвлэлийнхэн утсаар холбогдож ярилцлага авахад тэрээр "Би амьд бас аз жаргалтай, эрүүл байна" хэмээжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ