Дэлхийн 80 мянга орчим оршин суугч Ангараг руу цагаачлахад бэлэн байна

Дэлхийн олон арван мянган оршин суугч манай гарагийг бүрмөсөн орхиж, Ангарагт шинэ амьдрал зохиож эхлэхэд бэлэн байна.

78 мянга орчим хүн засгийн газрын бус “Mars One” байгууллагаар дамжуулан Улаан нүдэн гарагийг эзэмшигчдийн тоонд багтахыг хүсч байгаа тухай мэдүүлгээ өгөөд байна гэж тус байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. Мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 22-ноос авч эхлэсэн байна.

“Mars One” байгууллага байнга оршин суух дөрвөн хүнийг 2023 он гэхэд Ангарагт буулгах бодолтой байгаа ажээ. Ингэсний дараа сансрын нисэгчдийн шинэ багийнхан хоёр жил тутамд Ангарагт очно гэж тус байгууллагынхан мэдэгдлээ.

“Mars One” байгууллагын тооцоолж байгаагаар, 2023 онд Ангарагт дөрвөн хүн явуулахад зургаан тэрбум ам. доллар зарцуулах ажээ.

Голланд улсад байрладаг тус байгууллага сансрын нисэгчдийг шилж сонгохоос аваад Ангарагт шинээр сууршигчдын эхний жилүүдийн амьдралын тухай мэдээлэх хүртэл бүх үйл явцыг камераар байнга бичин, дэлхийд реалити-шоу зохион байгуулснаар орлогын ихээхэн хэсгийг нөхөхөөр төлөвлөж байна.

Манай гарагийн 18 болон түүнээс дээш насны, аль ч хүйсийн оршин суугч байлаа гэсэн яагаад Ангарагт шилжин суурьшихыг хүсч байгаагаа харуулсан нэг минутын дүрс бичлэгийн ролик үзүүлэн, “Mars One” байгууллагын сайтаар дамжуулан мэдүүлгээ өгч болох гэнэ.

Мэдүүлэг өгөх хураамж нь тухайн орны эдийн засгийн байдлаас хамааран 5-75 хүртэл ам.доллар байгаа ажээ. Жишээ нь, АНУ-ын иргэд 38 доллар төлөх ёстой гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ