Израйль Палестины цуст сөргөлдөөний түүх

{!!!right!!!}Израйль Палестины цуст сөргөлдөөн балар эртнээс үүсэлтэй. Түүх тэмдэглэгдсэн цаг үеэс л эхлээд энэ хоёр ард түмэн шашны цуст өрсөлдөгчид байсан юм. Харин цэвэр улс төрийн талаас нь энэ сөргөлдөөнийг 19-р зуунаас эхтэй хэмээн түүхчид албан ёсоор тэмдэглэн үздэг.

19-р зууны сүүлчээс 1920 он хүртэл

Европоор нэг тарсан байсан еврей нар Израйль нутаг бол бидний бурхнаас заяатай түүхэн газар хэмээн Сионист хөдөлгөөнийг 1890-ээд онд үүсгэсэн юм. Тэр үед Израйль нутаг нь Турк Оттоманы эзэнт гүрний мэдэлд байсан бөгөөд палестины арабчууд суугуул болсон байж. Еврей нарын Израйльд улс байгуулах хөдөлгөөнийг арабчууд ихэд болгоомжлон хүлээн авч өөрдөд нь тулгарсан аюул мэт бодож байв. Энэ үед еврейчүүд Израйльд газар худалдан авах замаар нүүн ирсээр байв.

Гэтэл Дэлхийн 1-р дайн дэгдэж орхилоо. Туркүүд Германтай дайнд эвсэв. Тэдний эсрэг байлдсан британичууд Туркийг араас нь сулруулах зорилгоор еврэй нарын шинэ улс байгуулах хүслийг дэмжинэ гэж амлан Израйлыг еврейн нутаг мөн гэж зарлав. Холбоотон Франц нь ч Британийг энэ тал дээр дэмжин 1916 онд тунхаглал зарлаж еврэй нарыг Израйльд байлгах албан ёсны олон улсын бичиг баримтыг нэг ёсондоо бүрдүүлээд өгчээ.

1920-1948 он

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Туркийн эзэмлээс булаан авсан британичууд Палестинд эрх барин суухын сацуу еврейчүүдийг дэмжиж байлаа. Еврейчүүдийн Палестин дахь эрх дархыг хамгаалах нийгэмлэг, холбоодыг британичууд хүрээлэн дэмжиж байв. Палестины арабууд үүнийг маш ихэд эсэргүүцэн өөрсдийг нь шахан гаргасан алхам хэмээн хүлээн авч байв.

1921 оноос авахуулаад палестинчууд шашны бүлэглэл байгуулан еврей нартай тэмцэн, лалын шашныг устгах бодлого явагдаж байна гэж бусад арабуудад ухуулах болов. Үймээн ч нэлээд газар авч байлаа. Араб эсэргүүцэгчид еврей нарыг олноор нь хүйс тэмтэрсэн явдал ч хэд хэд гарсан юм. Тиймээс британичууд аль болох хоёр талыг тусад нь байлгах арга хэмжээ авч байжээ.

1936 он болоход Европт том дайн дэгдэх нь бараг тодорхой болж байлаа. Нацист Герман хүчээ аван Британи ч илдээ хурцалж бамбайгаа агсаж эхлэв. Тиймээс Палестинд анхаарлаа төдийлөн хандуулаад байсангүй. Тэр үед арабчууд том бослого гаргалаа. Араб босогчдыг германчууд ч дэмжив. Тэд мэдээж дэмжсэн шалтгаан нь еврейчүүдэд дургүй байснаас гадна яваандаа гүрэн байгуулахдаа Ойрхи Дорнодод нөлөөгөө тогтоон Британийг сулруулна гэж бодож байв.

2-р дайн дэгдэхэд арабууд нацист Германд үнэнч гэдгээ зарлан Британийн эзэнт улсад Ариун Дайн зарлаад авчээ. Гитлер ч Арабын босогчдод амлалт өгөн Палестинд германууд очих л юм бол еврейчүүдийг газрын хөрснөөс арчаад хаяна гэж байв.

Тэгсээр 2-р дайн дуусч нацист Герман капут болов. Британичууд ялагч талд үлдсэн болохоор Палестин дахь нөлөөгөө эргүүлэн авчээ. 2-р дайны турш өрнөсөн еврейчүүдийн эсэргүүцэх хөдөлгөөн мохож алга бололгүй дайны төгсгөлтэй золгож авсан учраас олон хүний дэмжлэгийг хүлээх болов. Тэр үед холокост буюу еврей үндэстэнд хийсэн геноцидийн баримтууд дэлгэрч эхэлсэн. Нацистуудын зураг хөрөг, алах лагерь, хальс бичлэгийг харж жигшсэн олон улсууд еврей нарт орон гэр олж өгөхийг дэмжиж эхэллээ.

НҮБ хуралдан Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврэй улс, нөгөөг нь Араб улс, үлдсэнд нь холимог улс байхаар заасан юм. Тэрхүү холимог хэсэг нь түүхт их хот Иерусалим байлаа. Энэ заалтыг хоёр тал хоёуулаа эсэргүүцэв.

1964 онд Палестины Чөлөөлөх байгууллага үүсчээ. Тухайн байгууллагын зорилго нь Палестиныг зэвсгийн хүчээр чөлөөлөхөд байв. Израйлчууд Баруун Эрэг рүү байн байн довтолж Палестины мусульман ахан дүүс болон Египетийн армид цохилт өгч байсан бол Египет тэргүүтэй Араб орнууд Палестины арабуудыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаxыг нь бэлдэж дэмжиж байв.

1967 онд Израйлчууд гэнэтийн сюрприз барьж "6 Өдрийн Дайн" дэгдээж Баруун Эрэг, Газын зурвас, Иерусалимийг бүхэлд нь эзэлж орхив. Ингэснээрээ Палестин бүхэлдээ Израйлчуудынх боллоо.

1967-1993 он

Палестины Чөлөөлөх байгууллага израйлчуудад цохигдон шахагдаж Иордан улсад дүрвэн орсон юм. Тэндээсээ катюша пуужингаар Израйл руу харваж эхэлсэн байна. Израйл ч хариу арга хэмжээ авч байлаа. Хүч саарсан палестинчууд голдуу хилийн гаднаас пуужин харвах, террорист ажиллагаа үйлдэх зэргээр дайрч байв.

1972 онд Мюнхений олимпод оролцох израйлийн тамирчдыг алан хядсан гэх мэт дуулиант террорист довтолгоо гарч байсан билээ. Израйлчууд Сири, Египет, Ливан, Иорданы армиудтай бага сага тулалдаанд олон удаа оржээ.

1982 онд "Ливаны Дайн" эхэлж Израйлийн арми лалын улсуудын зэвсэгт хүчнээс хэт давуу болсноо харуулан Ливаныг яах ийхийн зуургүй эзэлж нийслэл Бейрутыг авлаа. Энэ явцад израйлчууд зэвсэг бариагүй 3500 орчим арабуудыг хүйс тэмтэрсэн явдал гарсан нь олон улсын шүүмжлэлд өртөж байв. 1985 онд Израйль Өмнөд Ливанд *жийрэг бүс* байгуулж үлдээгээд гарч одов. 1987 онд палестины Хамас бүлэглэл байгуулагджээ. Хамас нь зэвсэгт мөргөлдөөнөөр чөлөөлөгдөх зорилготой байгууллага юм.

1988 онд Палестины Чөлөөлөх байгууллага Палестины тусгаар тогтнолыг Алжир улсаас зарлав. Тэд НҮБ-ын анхны шийдвэрээр заасан тэр нутагт л палестинчууд тусгаар улс байх ёстой хэмээн зарлав. Үүнийг нь ч олон улс дэмжин хүлээж авсан байна.

1991 онд Иракын ерөнхийлөгч Саддам Хуссеин Кувейтийн нефть рүү шунаж эр бярандаа итгэн халдан довтоллоо. Тэгэхэд Палестины Чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафат Саддамыг дэмжиж орхисон юм. Энэ нь алдаа байсан ч гэж түүхчид хэлдэг. Египет тэргүүтэй олон нефть үйлдвэрлэгч орнууд эрх ашгийнхаа үүднээс Саддамын эсрэг байр суурьтай байсаар байтал палестинчууд Арафатын удирдлагаар Иракийн талд орсон нь Египет тэргүүтэй бусад араб улсуудын дэмжлэгийг алдаж эхлэв. Төдөлгүй АНУ Иракийг илүүрхэн бут цохиж дайныг хурдан дуусгасан.

1993-2000 он

Ослогийн гэрээ хийгдэх үйл явц гэж энэ үеийг нэрлэдэг юм. Израйль Палестины удирдлага хоорондоо уулзан гэрээ хийж тайван замаар нутгаа хуваацгаая гэж ярилцсан хэрэг.

Палестинчууд Баруун Эрэг болон Газын зурваст өөрсдийгөө захирах эрхийг Израйлаас олгож өгсөн. Израйлчууд Палестины террорист ажиллагааг бүрмөсөн зогсоохыг голчлон шаардаж байв.

1995 онд энхийн замаар шийдэх асуудлыг Израйлын талаас тэргүүлж байсан ерөнхий сайд Ицках Рабин улстөрийн аллагад өртөв. Түүнийг палестинчууд биш харин хатуу үзэл зорилготой Израйлийн баруун үзэлтнүүд хөнөөсөн юм. Израйлийн Баруун үзэлтнүүд маш хүчтэй бөгөөд Израйлийг Палестинтай хатуу гараар тэмцэж ярилцах ёстой гэж номлодог.

1996 онд ч Баруун үзэлтнүүд Израйлийн сонгуульд ялсан юм. Гэвч Ослогийн гэрээний явц үргэлжилсээр л байв. Энэ явцад Израйлчууд Хамаст халдаж, Хамас ч Израйльд террорист дайралт хийсээр байлаа. 1999 онд баруун үзэлтнүүд ялагдсан бөгөөд гэрээ шинэ түвшинд хүрч Израйль цэргээ Ливаны *жийрэг* бүсээс татав. 2000 онд Америкийн ерөнхийлөгчийн зуны өргөөнд хоёр тал хэлэлцэхэд Израйлийн тал Газын зурвасыг бүтнээр нь Палестинд өгч, Баруун Эргийн 75 хувийг, яваандаа 100 хувийг өгч, дээрээс нь мөнгөн тусламж дүрвэгч Палестинуудад өгөх гэрээг санал болгов. Гэвч Палестиныг төлөөлсөн Ясир Арафат зөвшөөрсөнгүй. Тэрээр сөргүүлж санал тавьсангүй хаяаад явчихав.

2000-2010 он

Террорист ажиллагаанууд нэмэгдэж эхлэв. Израйлийн энгийн иргэдэд амиа хорлох байдлаар тэсэлгээ дэлбэлэлт хийх тактик газар авчээ.

2001 онд Израйлийн улс төрийн байдал үзэл санаа хоёр хуваагдсан хамтарсан засгийн газар байгуулагдсан билээ. Террорист ажиллагаа тутамд Израйлийн зэвсэгт хүчин хауу цохилт Палестинчуудад өгөхийн сацуу энгийн номхон иргэд хоёр талаас олноороо үхэж байлаа.

2002 онд Израйлчууд терроризм багасгах талаар арга хэмжээ аван бетон хана Баруун Эргийг дагуулан босгосон юм. Энэ нь террорист халдлагыг эрс багасгасан боловч Палестиний иргэдийн амжиргааг машид доройтуулсан байна. 2003 оноос Израйлчууд Газын зурвасаас ухран гарсан ба 2005 онд Ясир Арафат нас барахад Хамас бүлэглэл хүчээ авч улмаар 2006 онд Палестины гол эрх барих хүчин болсон юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Газын зурвас Иерусалимд дайны гал зогссонгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ