Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс биерхүү байдаг вэ?

Дэлхийн эрчүүдийн дийлэнх олонхи нь эмэгтэйчүүдээс илүү хүчтэй, өндөр, хүнд жинтэй байдаг. Цаашид ч ийм байх болов уу. Тийнхүү яагаад гэдгийн учрыг ойлгох гэж оролдоцгооё.

Бүх фронтод ялагддаг

Эмэгтэйн бие махбодь дахь бүх зүйл эрчүүдийнхээс жижигхэн. Зүрх нь 10-15%, уураг тархи нь 15%-иар бага, биеэр нь ердөө 3,6 литр цус (харин эрчүүд 4,5 литр цустай) гүйж байдаг. Эр хүний бие махбодид бодисын солилцоо илүү түргэн явагддаг, тиймээс тэр хоногт 700 калори илүү хэрэглэдэг байна.

Араг ясны бүтцээрээ ч эмэгтэйчүүд “ялагддаг” бөгөөд тэдний яс нь бас хавьгүй хөнгөн байдаг. “Хамрын хэмжээ”-ний тухай ярих юм бол, энд эрчүүд мөн л ялдаг.

Биеийн жин ихтэйгээс болоод тэдэнд хүчилтөрөгч ахиухан шаардагддаг, тиймээс эрэгтэй хүний хамар голдуу илүү том байдаг гэж АНУ-ын Айовагийн их сургуулийн эрхдэмтэд үзэж байна.

Идэвхитэй биш ген

Эрчүүд эмэгтэй хүнээс дунджаар 15 сантиметрээр өндөр. Ийм байдал дэлхий нийтийн хэмжээнд ажиглагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүний өндрийн ялгааны шалтгаан нь Х-хромосомд байх генийн идэвхитэй байдалд байдаг гэж финийн эрдэмтэд үзэж байна. Мөгөөрсний эдэд өсч хөгждөг ITM2A ген хэдийчинэ идэвхитэй байх тусам,хүний өндөр болох магадлал бага байдаг аж.

Эмэгтэй хүний бие махбодь хоёр дахин их ийм гентэй байдаг, чухамхүү тиймээс эмэгтэйчүүд өндөр болдоггүй гэж судалгааны удирдагч Тару Тукиайнен онцлон тэмдэглэжээ.

Үнэхээр, бага ангид хөвгүүд үе тэнгийн охидоосоо ерөнхийдөө намхан байдаг бөгөөд энэ байдал 13 нас хүртэл үргэлжилдэг. Харин дараа нь гайхмаар үр дүн харагддаг бөгөөд зуны амралтаар хөвгүүд өндрөөрөө үе тэнгийн охидыг гүйцдэг төдийгүй, бүр нэлээд түрүүлж чаддаг.

Харин компот хаана байна?

Үүний зэрэгцээ эмэгтэй хүнд оройн хоолонд хөнгөн салат бүрнээ хангалттай байдаг бол, эр хүн ахиухан хоол өгөхийг шаарддаг.

Олон зууны туршид эрчүүд хоол тэжээлийн төлөө тэмцэлд эмэгтэйчүүдээс байнга түрүүлж байсан бөгөөд энэ нь өсөлтөд нөлөөлөхгүй байж чадаагүй хэрэг.

Хүнс тэжээл дутагдахад хамгаалалтын механизм ажилладаг. Тодруулвал,бие махбодь энерги хэмнэж, өсөлтийг зогсоож, байгаа нөөцийг жишээ нь тархи зэрэг амин чухал эрхтнүүдийн хөгжилд зориулдаг байна.

Хүүхэд байхаас нь эрэгтэй хүнийг ахиухан хооллож байх хэрэгтэй гэсэн хэвшмэл бодол амь бөхтэй байдаг билээ. НҮБ-ын тоо баримтаас үзвэл, өнөөдөл дэлхийд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол, өлсгөлөнд хоёр дахин их өртдөг байна.

Байгалийн шалгарал

Голландын Гронингений их сургуулийн эрдэмтэдэрэгтэй, эмэгтэй хүний ялгааг нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбон үзэж байна.

10 мянган америк төгсөгчийг оролцуулсан өргөн цараатай судалгаа хийх зорилгоор ах, эгч, дүү гэсэн цусан төрлийн хүмүүсийг шилж авчээ. Цаашид намхан нуруутай эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлж байсан бол, тэдний намхан ах, эрэгтэй дүү нь энэ тал дээр тийм ч их амжилт үзүүлээгүй байна.

Харин өндөр эмэгтэйчүүд цөөхөн хүүхэд төрүүлсэн байхад, тэдний өндөр ах, эрэгтэй дүү нь илүү олон хүүхэдтэй байжээ. Тийнхүү үр удмаа амжилттай үргэлжлүүлэхийн тулд эмэгтэй хүн ерөөс жижиг, харин эрчүүд том байх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.

Британийн эмч нар өөр нэг зүй тогтолд анхаарал хандуулжээ. Эрэгтэй хүний бие махбодид тестостерон гэдэг даавар 10%-иар их байдаг байна, чухамхүү энэ даавар булчингийн массыг бүрдүүлэхэд идэвхитэй оролцдог ажээ.

Булчингаас бага жинтэй висцералын өөх боловсруулдаг фермент харин эмэгтэй хүний биед идэвхитэй ялгардаг байна. Тийнхүү эрэгтэй хүний бие нь эмэгтэйнхээс том бөгөөд хүнд байдаг. Хуримтуулсан өөх нь “онцгой тохиолдолд”, жишээ хүүхэд тээж, төрүүлэх, түүнчлэн цаашид хүүхдээ хөхөөрөө хооллоход чухал шаардлагатай байдаг.

Өөрсдөө буруутай

Хоёр хүйсийн биеийн хэмжээний ялгааны шалтгаан нь олон зуун жилээр бүрэлдэж бий болсон гэж хувьслын сэтгэл судлаач Герт Сталл үзэж байна. Олон зууны туршид эрэгтэй хүн намхан эмэгтэйг далдуур эрж, харин эмэгтэй хүн өөрөөс нь хэдэн сантиметрээр өндөр хүнийг дэргэдээ байлгахыг хүсдэг байжээ.

Ийм сонголт нь хоёр шалтгаантай байж болох бөгөөд нэгд, биологийн шалтгаан. Эрэгтэй хүн хэдийчинэ өндөр байна, үр удмаа ахиухан үлдээж болно. Хоёрт, нийгэм-соёлын шалтгаан. Эрэгтэй хүн хэдий чинээ том байна, төдий чинээ зоримог, итгэлтэй харагдаж, ингэснээр түүний хань өөрийгөө аятай таатай байдалд байгаагаа мэдэрдэг, харин хэтэрхий өндөр эмэгтэй энд хамаарагдахгүй, “соёлын хэм хэмжээ зөрчигдөж байгаа” хэрэг.

Тийнхүү далд ухамсрын сонголтын тухай эрдэмтдийн таамаглалыг тоо баримт тодорхой нотлож байна. Юу гэвэл, британийн хосуудын дийлэнх олонхи тохиолдолд (90%) эрчүүд нь эмэгтэйгээсээ биерхүү бөгөөд зөвхөн 3,5%-ийн тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүн адилхан өндөртэй, харин хосуудын 4% нь өндөр эмэгтэй, намхан эр байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ