Жолооны эрэмдэг зэрэмдэг шинэ үнэмлэх

Манай жолооны үнэмлэх Монгол Улсынх гэдэг нь гадаадад тун бүрхэг, маш ойлгомжгүй ажээ. Хэдэн жилийн өмнө жолооны хуучин шар үнэмлэхийг шинэчлэхэд бараг л эзнээсээ илүү ухаантай хэмээн рекламдаж байсан. Гэтэл гадаадад түүнийг үзүүлэхэд нүүр хийх газаргүй болов.
Эхлээд жолооны шинэ үнэмлэх дээрээс Монгол гэдэг үгийг шууд олж харсангүй. Осолгүй овог нэрийг маань монгол, англиар бичжээ. Зарим үгийг бас англиар орчуулсан байх юм. Гэтэл Mongolia гэдэг нэр байдаггүй юмаа гэхэд хаанаас олгосныг нь лавлаж харвал “Олгов. Замын цагдаагийн газар” гэсэн үг дор нь байлаа. Ямар ч орчуулга алга.
Австралийн замын цагдаад ээрэгдсэн миний бие ар талыг нь эргүүлэн харвал PERMIS DE CONDURE гэсэн үл таних бичиг тааралдав. Энэ нь францаар жолооны үнэмлэх гэсэн үг ажээ. НҮБ-ын албан ёсны таван хэлээр орчуулсан юм болов уу гэтэл өөр франц үг алга. Харин сайтар ажиглавал ард нь Монгол Улсын маш бүдэгхэн газрын зураг бүхий MGL гэсэн товчилсон үг харагдлаа. Харамсалтай нь Австралийн замын цагдаагийн ажилтан нэгдүгээрт манай улсын газрын зургийг танихгүй, хоёрдугаарт MGL гэсэн товчилсон нэр тэдний лавлагааны санд байсангүй. Хуучин монгол үсгээр бичсэнийг нь гадаадынхан байтугай би ч уншиж эс чадав.
Аргаа барсан би ядахдаа “Монгол Улсын Замын цагдаагийн газраас олгов” гэж англиар биччихгүй яав даа хэмээн халаглав. Үгүй ядаж, гэрийн хаяг маань байсан бол илүү тодорхой байхсан. Бас л даанч алга. Харин Австралийн замын цагдаагийн ажилтан манай жолооны хуучин шар үнэмлэхийг гаргаж харуулаад, хэрвээ шинэчилсэн бол вэб сайтдаа тайлбартайгаар тавьсан байх ёстой гэв. Гэсэн ч www.trafficpolice.gov.mn дээр бас л алга. Танилцуулга маягийн энэ вэб сайт дээр одоо ч тавьсангүй.
Ер нь анхнаасаа ийм эрэмдэг зэрэмдэг үнэмлэхийг хэн санаачилж, загварыг нь ямар журмаар баталсан юм бол гэж гайхлаа. Зарим үгийг нь монгол, англи, франц хэлээр, бүр хуучин монгол бичгээр бичсэн атлаа товч тодорхой ойлголт өгөх мэдээлэл алга. Дуртай үгээ дуртай хэлээрээ орчуулж, дуртай үсгээрээ бичсэн бололтой. Шинэчилсэн үнэмлэхийн загвараа гадаад орнуудын замын цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэдэгт би л лав эргэлзэж байна.
Жолооны үнэмлэхийг шинэчлэн хэвлэх, солих гээд бөөн ажил, зардал чирэгдэл болсныг иргэд андахгүй. Өнөөдрийг хүртэл үнэмлэхийн бэлдэц дутагдалтай гээд цагаан хуудсаар жолоо мушгиж яваа хүмүүс олон бий. Гадаадын орнуудад жолооны үнэмлэх бараг иргэний паспортоос дутахгүй мэдээлэл агуулж, эн тэргүүний хэрэгцээт шаардлагыг хангаж байдгаараа ихээхэн ач холбогдолтой байдаг юм билээ. Гэрийн хаяг, цусны бүлэг гэх мэт наад захын мэдээллийг багтаадаг. Хэрвээ энэ шинэ үнэмлэхийг зөвхөн дотооддоо ашиглах учиртай юм бол шүдэнзний хайрцгийн дайтай юман дээр зарим үгийг англи, францаар орчуулсан болж сэгчихийн хэрэг юусан билээ. Харин Монгол Улсынхаа нэрийг хамгийн эхэнд монгол, англиар тод томруун бичсэн бол илүү нүдэнд тусахсан.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ