Хятадад газар хөдлөж 367 хүн амь үрэгдээд байна

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 367-д хүрээд байна.“Франс пресс” агентлаг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг иш татан ингэж уламжилжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, бэртэж гэмтсэн хүний тоо бараг 1,9 мянга болж, бас 181 хүн сураггүй байгаа ажээ. Амь үрэгдэгсдийн олонх нь газар хөдлөлтийн голомтод байсан Людянь тойргийн оршин суугчид байна. Байгалийн гамшгийн улмаас 12 мянган байшин барилга нурж, бас 30 мянган байшин барилгад ан цав гарчээ.

6,5 баллын хүчтэй газар хөдлөлт ням гаригт Юньнань мужид болсон юм. Телевизийн CCTVсувгийн мэдээлснээр, энэ нь сүүлийн 14 жил дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Гурван сая хүн амтай Люпаньшуй хотоос 143 километрт газар хөдлөлтийн голомт байсан байна. Энэ голомт 10 километрийн гүнд байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ