Алгуурлах ёсгүй хэргүүд буюу дуулианы эргэн тойронд

Гадаадын иргэний амь насыг хөнөөсөн, төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүд тухайн үедээ дуулиан тарьж байгаад нам жим болдог.
Гэхдээ нэг үеэ бодвол хуулийн өмнө энгийн иргэд болон цагаан захтнууд ижил тэгш эрхтэй болж, хариуцлага хүлээх болсон. Өндөр албан тушаалтнуудын гэмт хэргүүд ар араасаа цуварч хуулийн байгууллагад шилжиж байна. Үүнийг улам бүр эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн оролцоо ч хэрэгтэй юм.
Тиймээс www.bataar.mn олны анхааралт татсан хэргүүдийн шийдвэрлэх явц ямар шатандаа яваа талаар эргэн сануулж байна.
Ерөнхий сайдыг шалгах эсэхийг энэ сарын 23-нд шийднэ
Дөрөвдүгээр сарын 26. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулах хүсэлтийг сөрөг хүчнийнхэн АТГ-т хүргүүлэв. Түүнийг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан, ашиг сонирхлын хуулийг зөрчсөн зэрэг олон үндэслэлд тулгуурлан шалгуулахаар баримт хүргүүлсэн юм.
Тавдугаар сарын 1. Түүнийг шалгах эсэх асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Н.Алтанхуяг сайдыг шалгах хүсэлтийг МАН-аас өгсөн. Гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд 19 хоногийн дотор хариу өгдөг. Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлт нь гэмт хэргийн шинжтэй” гэж байв.
Тавдугаар сарын 10. АТГ-ын эх сурвалж “АТГ ажлын 19 хоногт багтаан хариу өгнө. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй бол түүнд хэрэг үүсгэн шалгаж эхлэнэ” гэлээ. Тэгэхээр сөрөг хүчнийхний хүсэлтээр АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах уу, үгүй юу гэдэг нь энэ сарын 23-нд тодорхой болох юм байна.
Д.Батхуягийн магадлалыг одоо болтол гардуулаагүй байна
2012 оны дөрөвдүгээр сар. АМГ-ын дарга асан Д.Батхуягийг АТГ-аас шалгаж эхлэв. Учир нь түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон, мөн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргатал АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.
2013 оны хоёрдугаар сарын 1. Баянгол дүүргийн шүүхэд түүний хэргийг хянан хэлэлцэж, 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулж,хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
2013 оны дөрөвдүгээр сарын 15. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас Нийслэлийн шүүх түүний хэргийг хянан хэлэлцэж, ялыг дөрвөн жил болгон хөнгөрүүлэв. Харин тэрээр Нийслэлийн шүүхээс магадлалаа авсны дараа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эсэхээ шийдэх аж.
2013 оны тавдугаар сарын 10. Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Мөнхгэрэл “Нийслэлийн шүүхийн магадлалаа авсны дараа дараагийн шатанд хандах эсэхээ шийднэ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гарснаас 14 хоногт багтаан магадлалыг гардуулах ёстой. Гэвч Д.Батхуягийн нарын магадлалыг одоо болтол гардуулаагүй байгаа. Учир нь хавтаст хэрэг ихтэй. Гэхдээ ирэх долоо хоногт багтаан гардуулна” гэлээ.
Пакистаны иргэдийг Интерполоор эрэн сурвалжилж буй асуудалд хариу ирээгүй
Дөрөвдүгээр сарын 28. АОХН-ийн VII дугаар бага хурлынүеэрИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд баривчлав. Хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг Улаанбаатар хотоос баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Тавдугаар сарын 1. ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийж, тэднийг манай улсад түр хугацаагаар оршин суух визтэй орж ирсэн. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн овог нэр холбогдох мэдээлэлтэй нь таарч байгаа. Харин нэг иргэн нь интерполоор эрэн сурвалжлагдаагүй байж магадгүй. Тиймээс Пакистан болон холбогдох газрууд руу эдгээр иргэний мэдээллийн шалгуулахаар явуулсанаа мэдэгдэв.
Тавдугаар сарын 8. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Пакистан улсаас Интерполоос эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс гэдгийг нотлох бичиг ирсэн” хэмээн цацагдав.
Тавдугаар сарын 10. Тэдний хэрэг ямар шатандаа яваа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллин төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Манайд ямарч хариу ирээгүй” байгаа гэлээ. Тэгэхээр Пакистан иргэдийн асуудал Пакистанаас хариу ирсний дараа шийдэгдэх юм байна.
С.Баярцогтыг шалгах уу?
Дөрөвдүгээр сарын 4. Их Британийн “Guardian” сонинд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн нууц данстайг илчлэн бичсэнийг монголын хэвлэлүүд дэлгэв. Тэрээр Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэжээ. Түүний дансанд нэг сая ам.доллар хадгалагдаж байна. Мөн 2008 оны тавдугаар сард Британид “Legend Plus Capital Ltd” компани эзэмших болжээ. Тэрээр дансанд дахь мөнгө нь бүгд түүнийх биш бөгөөд 200 мянга нь гэр бүлийнх, 800 мянга нь гурван найзынх нь /нэрийг нь нууцалсан/ гэжээ.
Дөрөвдүгээр сарын 4. 14.00 цаг. “Би нууц данс нээлгэх хэрэггүй байж. Найзууд минь санал болгосон юм. Би бүх эзэмшдэг компаниа мэдүүлсэн байх ёстой. Би нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна. Магадгүй албан тушаалаа өгөх талаар бодох байх” хэмээн тэрээр мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сарын 24. Гадаад улсын банкинд нууц данс илэрсэнтэй холбогдуулан түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас чөлөөлөв.
Тавдугаар сарын 8. Төрийн бус байгууллагууд түүнийг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлсэнээ мэдэгдэв. Тэд хүсэлтээ энэ сарын 1-нд найман үндэслэлээр шалгуулахаар хүргүүлсэнээ мэдэгдсэн юм. Тодруулбал, “Швейцар улсын банкинд хэдэн он, сард гадаадад данс нээлгэсэн, гадаад данстай холбогдох гурван найз нь аль улсын хэн гэгч иргэд болох, дансанд орсон гарсан гүйлгээнүүдийг хэдэн оны, хэдэн сард хаанаас хаашаа хийгдэж байсныг нотлох, дансанд орж байсан мөнгөний эх үүсвэрийг тодорхой баримтаар гаргаж өгөх, хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг яагаад санаатайгаар худал мэдээлсэн эсэх, өөр аль улсад хөрөнгөтэй болох, яагаад Монгол улсыг Хятадын монгол болгосон, мөн С.Баярцогтын хаягийн тодорхойлолт зөв эсэхийг тогтоолгох хүсэлтээ байна” гэжээ.
Тавдугаар сарын 10. АТГ-ын эх сурвалж “С.Баярцогтыг шалгах эсэх асуудалд 19 хоногийн дотор хариу өгнө. Гарал үүслийг шалгах асуудлыг манайх шалгахгүй” гэлээ. Тэгэхээр С.Баярцогтыг шалгах асэх асуудал энэ сарын 27-нд тодорхой болох юм байна.
Ч.Баттуулын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ
2012 оны нэгдүгээр сарын 5. Монгол Улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ. Талийгаачийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогийн орчмоос олсон юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ч.Баттуул “Жон Мартин Кийныг ирсэн өдрийнх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хөнөөсөн. Зургаан удаа буудсан. Түүнийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна.
2013 оны дөрөвдүгээр сарын 4. Хүний амины хэрэг үйлдсэн гэх Ч.Баттуулыг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан хэмээн УМБГ-т буцаасан юм. Улсын яллагчийн зүгээс Ч.Баттуулд 25 жилийн ял төлөвлөөд байсан билээ.
2013 оны тавдугаар сарын 10. Улсын яллагч Б.Эрхэмбаяр “Ч.Баттуулын хэрэг УМБГ-т шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагааг сарын дотор явуулна. Хэрвээ шаардлагатай бол сараар сунгаж болдог” гэлээ. Тэгэхээр мөрдөн байцаалтын ажиллагааны хугацаа дууссан байна.
МИАТ-ийн хэргийг ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлнэ
2011 он. “Дайны эрсдэл”-ийн даатгалын сангийн мөнгийг гадаадын компанийн данс руу шилжүүлсэн гэх арван тэрбумын хэрэг олны анхаарлыг татав.
2013 оны нэгдүгээр сар. Хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарыг сэжиглэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
2013 оны дөрөвдүгээр сар. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлэв. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдогчдын 13 тэрбум, хоёр сая ам.долларын хөрөнгийг битүүмжлэв.
2013 оны тавдугаар сарын 10. Улсын Ерөнхий прокурорын газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлнэ. Ингэснээр шүүх хурлын товыг 30 хоногийн дотор товлоно” гэлээ.
Сейфтэй мөнгөний дуулиан буюу Н.Хүрэлбаатар харьд одсон уу
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн гэрээс асар их валют бүхий сейфтэй мөнгө алдагдаж, улмаар хогийн цэг дээрээс олдсон тухай хэргийг хэвлэл мэдээллүүд илчлэн тависнаар энэхүү дуулиан дэгдсэн юм. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр сайд асан Н.Хүрэлбаатарыг хилийн чанадад одсон гэх. Шалтгаан биеэ эмчлүүлэх зорилготой гэх.
Харин тэр их мөнгө ямар замаар тэрхүү сейфэнд орох болсныг хууль хяналтын байгууллагынхан шалгах цаг нь болсныг хэвлэлүүд сануулсаар буй. Одоогоор АТГ, УМБГ зэрэг хүчний байгууллагууд таг чиг байсаар байна.
Ямартай ч хэрэг үүсгэн шалгаж баигаа эсэх нь тодорхойгүй байгаа, Н.Хүрэлбаатарын хилийн чанадад одсон нь үнэн эсэх баттай бус ч олон нийт анхаарал тавин ажигласаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ