Түвдэд автобус осолдож 44 хүн амь алджээ

Түвдийн уулархаг бүс нутагт жуулчид тээвэрлэсэн автобус “SUV” болон пикап автомашинтай мөргөлдсөний улмаас 10 метрийн гүн хавцал уруу унаж 44 хүн амь үрэгдлээ гэж “Синьхуа” агентлаг өнгөрсөн бямба гаригт мэдээллээ.
Автобусанд хэдэн хүн сууж явсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн уг осолд нийтдээ 55 хүн сууж явжээ. Өөрөөр хэлбэл, тэднээс 44 нь амь үрэгдэж, 11 нь их, бага хэмжээгээр бэртэж гэмтжээ.
Осол Түвдийн нийслэл Лхаса хотоос баруун зүгт 120 км-ийн зайд Ньемо муж дахь “Хятадын үндэсний автозам 318” дээр өнгөрсөн бямба гаригийн өдрийн 16:25 минутын орчимд гарсан агаад амь үрэгдэгсдийн ихэнх нь Түвдийн өөртөө засах бүс нутгийн ойролцоох Хятадын мужуудаас ирсэн жуулчид байжээ. Харин гадаадын иргэд байсан эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч, амь үрэгдэгсдийг Лхаса хотын эмнэлэгт хүргэжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Хятадад жил бүр 100 мянган хүн тутамд 20 орчим зам тээврийн осол оногддог байна.
Энэ нь АНУ-аас бараг хоёр дахин их бол ОХУ, Энэтхэгээс арай өндөр үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс зам тээврийн ослоороо томоохон гүрнүүд дотор толгой цохиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ