Нисдэг тэрэг дүрвэгсдийг аварч буй бичлэг шуугиан дэгдээж байна

{!!!right!!!}Украин болон Газын зурвасаас ч илүүтэй Иракт болж буй үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон хэвээр байна. АНУ-ын тэнгисийн цэргийн баазуудаас Иракийн хойд нутагт лалын хэт даврагсдын ISIS байгууллагын эсрэг агаарын цохилт өгсөөр байгаа ба үүний зэрэгцээ Курдын хагас автономит улсын цэргүүд, Иракийн засгийн газрын цэргүүд газраар давшилтад орж ISIS-т эзлэгдсэн хот тосгонуудыг чөлөөлөхөөр тулалдаж байна.
Синжар ууланд ISIS-ийн зэвсэгт дайчдаас зугтан гарсан язидис угсаатны дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа үргэлжилсээр, дан ганц АНУ биш Англи, Франц улсууд оролцож байгаа юм. Тэгвэл Иракийн цэргийн нисдэг тэрэг Синжар ууланд дүрвэгсдэд хүнс, болон ус буулгах явцад болсон нэгэн үйл явдлыг тус нисдэг тэргэнд сууж явсан CNN агентлагийн зураглаач бичиж авсан нь олныг цочирдуулж бодит байдлыг хүмүүст харуулж өгчээ.
Нисдэг тэрэг агаараас ус, хүнсний бүтээгдэхүүн шидэх явцдаа багахан хугацаанд газардахад ISIS-ийн зэвсэгт дайчдаас зугтсан язидис угсаатны хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид залуус нисдэг тэрэг рүү аврал эрэн зүтгэж байгаа нь бичлэгт үлджээ. Улмаар нисдэг тэрэг дүүртэл дүрвэгсдийг суулгаад агаарт хөөрөхөд араас нь ISIS-ийн дайчид гал нээж харилцан буудалцсан байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ